Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Төмөрдулам: Сургууль, цэцэрлэгийн барилгад ашиглаж буй будгийн стандартыг баталсан

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 4 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд Хотын стандарт, хяналтын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн холбогдох албаныханд танилцуулга, чиглэл өгөх ажлыг хийж байгаа аж.

Тодруулбал, Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд хотын 38 стандарт мөрдөгдөж буй. Өнгөрсөн сард үүн дээр нэмэгдэн “Дуу чимээний бохирдол”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц” зэрэг 14 стандартыг нэмж баталсан билээ.

Эдгээр стандартыг хэрхэн мөрдүүлж ажиллах талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламаас тодрууллаа.

“Хотод мөрдөгдөх ёстой 38 стандартыг хоёр жилийн хугацаанд боловсруулж өнгөрсөн жил батлуулсан. Стандартыг мөрдүүлэхэд дөрвөн төрлийн явц байдаг.

  • Ажлын даалгавар дээрээ тусгана
  • Иргэд болон аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангана
  • Төлөвлөлтийн баримт бичиг дээрээ тусгаж гүйцэтгэж байгаа албан байгууллагууд дээрээ очиж зөвлөнө
  • Ажлыг хүлээж авахдаа хяналт тавина

Тиймээс эдгээрийг мөрдүүлэхэд хугацаа орно. Гэхдээ ямар стандартыг хэрхэн мөрдөх талаар ойлголтыг зөв өгч чадвал хэрэгжүүлэх явц хурдасна. Тиймээс дүүргүүд дээр ажиллаж стандартуудаа танилцуулж хэрхэн мөрдүүлэх талаар зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Энэхүү нийтээр дагаж мөрдөх ёстой стандартуудыг аливаа тохижилт бүтээн байгуулалтын ажил эхлээд дуусах хүртэл зөв мөрдсөнөөр төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдана. Цаашлаад тухайн хийсэн ажлын насжилт ч уртсаж, жил дараалан хөрөнгө мөнгө гарздаж засварлах шаардлагагүй болно” гэлээ.

Улаанбаатар хотын тоглоомын талбайн 70 хувь нь эвдрэлтэй байжээ

Улаанбаатар хотод 1,600 гаруй хүүхдийн тоглоомын талбайд үзлэг шалгалтыг хийхэд 70 хувь нь эвдрэл гэмтэлтэй байжээ. Тиймээс эдгээр тоглоомын талбайнуудыг засах, баригдаж буй барилгын гадна талбайн хашаануудыг стандартын дагуу бариулах гэх мэт 126 ажлыг нийслэлд хийхээр болжээ.

Түүнчлэн хотод ямар стандарт мөрдөгддөг талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаг бөгөөд иргэд өөрсдөө аливаа тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хяналт, шаардлагыг тавих бүрэн боломжтой аж. Хотод мөрдөгдөж буй стандартууд: ЭНД ДАРЖ үзнэ үү.

Шинээр батлагдсан 14 стандарт аравдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ

Өнгөрсөн сард нэмж батлагдсан хотын 14 стандарт энэ оны аравдугаар сараас эхэлж мөрдөгдөх аж. Уг стандартад орон сууцны барилгуудын дээвэр, дулаалгыг хэрхэн хийх, сургууль, цэцэрлэгийн барилгад ашиглаж буй будаг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх зэргийг тусгасан байна.  

Хотын стандартыг мөрдүүлэх нь хэцүү ажил биш. Хот хөгжиж байгаатай холбоотой иргэдийн аюулгүй, тухтай орчныг бүрдүүлэх стандартуудыг заавал мөрдүүлэх шаардлагатай байна гэдгийг Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам онцолж байлаа.