Тель-Авив хот болон Йордан голын баруун эрэгт гарсан хоёр тусдаа халдлагын дараа Бямба гарагт Израиль улс цэрэг болон цагдаагийн бэлтгэл хүчээ дайчилж эхэлжээ.
Дээрх халдлагуудын үеэр гурван хүний амь үрэгдсэний дотор гадаадын нэг жуулчин байсан юм.
Энэ долоо хоногт Палестины зэвсэгт бүлэглэлүүд пуужин харвасны хариуд Израилийн арми Газын зурвас, Ливаны нутагт агаараас цохилт өгсөн. Улмаар Лхагва гарагт Йерусалем хотын Аль-Акса исламын сүм дотор Израилийн цагдаа нар Палестины иргэдтэй мөргөлдсөн нь нөхцөл байдлыг улам хурцатгаад байв.
Баасан гарагийн орой Тель-Авивын тэнгисийн эргийн явган хүний зам руу нэг араб хүн автомашинтай дайрснаас Италийн нэг жуулчин амь үрэгдэж, долоон жуулчин бэртсэн юм.
Цагдаа нар халдлага үйлдэгчийг газар дээр нь буудаж хөнөөжээ.
Амь үрэгдсэн жуулчин нь 36 настай Алессандро Парини байсныг Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони мэдээлсэн байна.
Халдлага үйлдэгч нь Израилийн төв бүсийн Кфар-Кассем араб тосгоны 45 настай оршин суугч байсныг цагдаа нар тодруулжээ.
Баасан гарагийн өглөө Йордан голын баруун эрэгт зорчиж явсан суудлын автомашин руу зэвсэгт этгээдүүд гал нээх үеэр Британи-Израилийн давхар иргэний харьяалалтай 16, 20 насны эгч дүү хоёр алагдсан юм.
Израилийн арми одоо уг халдлагыг үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.
Тель-Авив хотод гарсан халдлагын дараа Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху бэлтгэл хүчийг дайчлах даалгаврыг цагдаа болон армийн удирдлагууддаа өгсөн байна.
Бэлтгэл хүчнээс бүрдсэн дөрвөн шинэ батальон Ням гарагаас эхлэн гол хотуудын төвд журам сахиулахаар болсныг Израилийн цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.
Энэ долоо хоногт Ливаны нутаг дэвсгэрээс олон тооны пуужин харвасан нь 2006 онд Израилийн арми болон Ираны дэмжлэгтэй Хезболлах зэвсэгт бүлэглэлийн хооронд 34 хоног үргэлжилсэн дайнаас хойших хамгийн том агаарын цохилт болсон юм.
Хариуд нь Израилийн зэвсэгт хүчин 2022 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа Ливаны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгсөн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!