Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Энэ түүхэн өдөр Монголд олон намын тогтолцоо, шударга ёсыг бий болгох суурийг тавьсан

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд олон намын тогтолцоог үүсэж, Ардчилсан Нам(АН) байгуулагдан анхдугаар хурлаа хийсний 33 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Үүнийг тохиолдуулан АН-ын удирдлага, гишүүдийн төлөөлөл С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө.

АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ түүхэн өдөр нь зөвхөн нам байгуулагдсан төдий асуудал биш. Монголдоо эрх чөлөөгөө эдлэх, олон намын тогтолцоо, улс төрийн өрсөлдөөн, шударга ёсыг бий болгох суурийг тавьсан маш чухал үйл явдал байсан.

Өнөөдөр эрхээ эдэлж үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн олон залуу хэлмэгдэж, шоронд хоригдож байгаа явдлыг АН зүгээр хараад сууж чадахгүй. Тиймээс өнөөдрийг баярлаж өнгөрөөх биш, эрхээ хамгаалах тэмцлийн өдөр болгон зохион байгуулж байна” гэлээ.

АН-аас дөрөвдүгээр сарыг хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцлийн сар болгож "Нээлттэй микрофон" тайван цуглааныг ардчилсан үзэл санааг хамгаалагч иргэд, залуу үеийнхний дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор өдөр бүр 11:40-14:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа аж.  

Мөн сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг баривчлан хорьж, гавтай хөл хорионд оруулах гэх зэргээр тэдний зоригийг мохоох гэсэн төрийн дарангуйллын хэлбэр газар авч байгаа явдлыг тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Засгийн газрыг огцруулах шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт гардуулжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав