Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зэрлэг амьтдад тусламж хэрэгтэй болсон үед хэрхэн авран хамгаалж, анхны тусламж үзүүлэх ёстой вэ?

ikon.mn
2023 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ойн бамбарууш айлын хотонд орж ирсэн, Монгол бөхөнгийн янзага нохойд бариулсан эсвэл дулаан орон руу буцаж чадаагүй далавч нь бэртсэн усны шувуудыг өвөлжүүлэх гээд зэрлэг амьтныг авран хамгаалах, асрах, анхны тусламж үзүүлэн байгальд нь буцааж тавих асуудал салбарын мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчдад тулгардаг.

Тэгвэл энэхүү нэн тулгамдсан асуудлыг хэрхэн зүй зохистой, зөв арга барилаар зохион байгуулах талаар сургалт, зөвлөгөө өгч туршлага солилцох уулзалт өнгөрсөн сард болсон юм.

Тодруулбал, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай хамтран Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагааны онцлог, хууль, эрх зүйн орчин, багц стандартууд болон сайн туршлагыг танилцуулсан.

зураг
 

Уулзалтад нийслэл болон 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтнүүд, яамны мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш нар, эрдэмтэн судлаачид зэрэг 60 гаруй хүн оролцсон.

Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагааны онцлог, эрх зүйн орчин, багц стандартуудын талаар ойлголттой болж, энэ чиглэлээр цаашид хийх ажлынхаа санаа, төлөвлөгөөг гаргасан энэхүү үр дүнтэй уулзалтын хүрээнд салбарын мэргэжилтнүүд дараах асуудлуудыг онцолж байлаа.

Ж.Гэрэлтуяа: Амьтдад хэрхэн тусламж үзүүлэхээ мэдэхгүй үед хамгийн түрүүнд мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй

зураг
 

Малын их эмч Ж.Гэрэлтуяа "Тухайн амьтанд тусламж хэрэгтэй болсон үед хамгийн эхлээд хэрхэн, яаж туслах вэ гэдэг нь чухал. Стандартын дагуу бол, эхлээд тухайн амьтныг холоос хараад ямар өвчин зовуурь байгааг нь ажиглана. Үүний дараа зөв барьж бэхлэх, шаардлагатай тохиолдолд мэдээ алдуулах, барьсан хойноо үзлэг оношилгоо хийхдээ стресстүүлэхгүй байх, дараа нь шууд байгальд нь тавих уу, асрах байр руу явуулах уу, эсвэл энэрэнгүй аргаар унтуулах уу гээд бүх арга зам, шатлалын зөвлөгөөг мэргэжлийн хүмүүст нь өгч байна.

Ерөнхий нийтлэг алдааны хувьд, эхээсээ төрөөд удаагүй амьтны үр төл эсвэл нисэж чадахгүй шувуу байлаа гэхэд анхан шатны тусламжаа буруу үзүүлснээс болоод эрсдэл үүсгэчихдэг. Эсвэл тусламж үзүүлэх гэж байгаа ард иргэд өөрсдөдөө аюул учруулах сөрөг талтай байдаг. Тиймээс амьтдад хэрхэн тусламж үзүүлэхээ мэдэхгүй байгаа үед хамгийн түрүүнд мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Тодруулбал Байгаль орчин, Мал эмнэлгийн газруудын мэргэжилтнүүдтэй холбогдож зөвлөгөө, мэдээллээ аваад арга зүйн дагуу ажиллавал тухайн амьтныг аварч чадах юм" гэв.

Р.Самъяа: Амьтдын амьдрах эрхийг хангах, хүмүүнлэг хандах нь хэн бүхний анхаарал тавих ёстой асуудал

зураг
 

МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор Р.Самъяа "Хүмүүс, зэрлэг байгаль хоёрын зай их ойртож байна. Суурин газрууд тэлж, тэр хэмжээгээр байгаль руугаа нэвтэрч байна. Энэ хэрээрээ хүн, зэрлэг амьтан хоорондын харилцаа их ойртож байгаа хэрэг.

Үүнд эерэг, сөрөг тал бий. Адаглаад элдэв эрсдэл үүсэх магадлалтай болж байна. Зэрлэг амьтдыг хамгаалах, асрах шаардлагатай амьтдад туслалцаа үзүүлэх нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний зайлшгүй хүлээх үүрэг болжээ. Энэ дэлхий дээр зөвхөн хүн дангаараа амьдрах ёстой биш. Амьтдын амьдрах эрхийг хангах, хүмүүнлэг хандах явдал нь хөдөө, хотод амьдарч байгаа хэн бүхний анхаарал тавих ёстой асуудал. Өнөөдөр бид дэлхийн хүн төрөлхтний хөгжлөөс хол хоцрохгүй, адилхан алхахыг хичээж байна.

Шувуудын хувьд орон зайн хамаарал их байна. Хот суурин газарт хамгийн их анхаарах зүйл бол шувууд шилэн хана мөргөх эрсдэл байдаг. Хотод хүмүүсийн төвлөрөл ихтэй, хог хаягдал их. Улаанбаатарт тагтаа, хэрээний бөөгнөрөл хаа сайгүй байдаг болсон. Энэ бол хот дагасан шинэ үзэгдэл.

Өөрөөр хэлбэл, шувуудын амьдрах тэр орон зайг бий болгосон байна гэсэн үг. Хөдөө орон нутгийн хувьд зам дагуу махчин шувууд эрсдэлд орох магадлал өндөр болсон. Махчин шувууд замд дайруулсан амьтнаар хооллох нь ихэслээ. Замын хажууд ойн сар, элээ сууж байдаг. Амьд амьтан идсэнээс дайрагдсан амьтан идэх нь тухайн шувуунд хялбар гэсэн үг шүү дээ. Тэр явцдаа хурдтай явж байгаа машинд дайруулах зэргээр эрсдэлд орох магадлал их байгаа юм. Манай оронд 500 гаруй зүйлийн шувуу амьдардаг. Амьдарч буй нутаг, үүнээс үүдэх эрсдэл, авах арга хэмжээ нь харилцан адилгүй юм.

Шувуу нисдэг амьтан учраас тэр бүр хүнийг ойртуулахгүй. Харин яах аргагүй тусламж хэрэгтэй байгаа үед хүнийг ойртуулна. Далавч нь гэмтсэн, эсвэл хөл нь хугарсан шувуу байлаа гэж бодъё. Туслах гээд очиход шууд надад тусалж байна гэж бодохгүй шүү дээ. Тэгэхээр хэрхэн барих вэ гэдгээс эхлээд л анхаарна. Буруу хандсанаас болоод нэмэлт гэмтэл ч үүсэх эрсдэлтэй.

Тусламж хэрэгтэй шувуунд ойртож очлоо гэхэд хамгийн түрүүнд нүдийг нь таглаад ч юм уу, элдэв таагүй хөдөлгөөн хийхээс нь сэргийлчхээд дараа нь том шувуудын хувьд хөл, хошууг нь боох хэрэгтэй. Шувуу хариу үйлдэл үзүүлэх хамгийн эхний үйлдэл бол хошуугаараа тоншино, эсвэл далавчаараа цохино. Мэдээж хүн бүр үүнийг мэдэхгүй учраас хүмүүсийн анхааралд хүргэх нь энэ стандарт, гарын авлагын гол зорилго юм. Зайлшгүй мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй байгаа тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд мөргүүлчихсэн шувуу хэсэг хугацаанд шоконд орчхоод дараа нь хэвийн байдалдаа орж болно. Бүр удаан хугацаанд эмчлэх шаардлагатай бол яг орчин, нөхцөлийг нь хангасан таатай орчинд байлгах хэрэгтэй.

Мөн байгалийн зэрлэг амьтныг гэрийн тэжээвэр амьтадтай адил хүүхэдтэй ойр байлгаж тоглуулж болохгүй. Байгальд байгаа амьтныг эмчилснийхээ дараа хүний гар дээр аль болох удаан дасгаж болохгүй. Буцаад байгальдаа амьдарч чадахгүй болох эрсдэлтэй" гэв.

С.Шар: Зэрлэг амьтантай тэжээвэр амьтантай харьцаж байгаа юм шиг харьцаж болохгүй

зураг
 

МУИС-ийн багш, доктор С.Шар "Хөхтөн амьтад ан агнуурт өртөмхий байдаг. Хүмүүс ихэвчлэн хөхтөн амьтдыг агнаж, эд эрхтнийг нь ашигладаг. Сүүлийн үед амьтад автомашинд дайруулах, мөргүүлэх тохиолдол их гарах боллоо. Энэ нөхцөлд амьтдыг авраад тусламж үзүүлээд, буцаагаад хурдан байгальд нь тавих ёстой. Олон улсын амьтан хамгаалах тунхаг гэж бий. Үүнд тухайн улс орон өөрийнхөө газар нутагт байгаа амьтныг эрсдэлд орсон нөхцөлд аварч хамгаалаад байгальд нь гэмтээлгүй буцаад тавих ёстой гэсэн агуулга тусгасан байдаг. Манайд харьцангуй шинэ ойлголт. Сүүлийн үед л их ярьж эхэллээ. Техник, технологийн дэвшил, хүн амын өсөлт, дэд бүтцийн хөгжилтэй холбоотойгоор гарч ирж байна шүү дээ.

Махчин амьтад хүний гарт орохоороо хоолоо иддэггүй, стресст орчихсон байдаг. Үүнээсээ улбаалж үхэх ч эрсдэлтэй. Үүнийг бид онцгой анхаарах ёстой. Зэрлэг амьтны өөрийнх нь зан төрх гэж зүйл бий. Зөв харьцаж, зөв барих ёстой. Барих гэж байгаад гэмтээдэг нийтлэг алдаа бий. Жишээ нь, саяхан Хэнтийд аргаль айлын хотонд ороод ирсэн юм байна. Хонины захад идээшлээд л байгаад байдаг. Байгаль орчныхон байгальд тавьж байна билээ. Гэхдээ тээвэрлэж авч явж байгаа арга нь буруу. Аргаа л мэдэхгүй байгаагаас биш аврах гэж байгаа санаа нь бол зөв шүү дээ. Тэгэхээр мэдэхгүй байгаа энэ арга зүйг зааж өгөх ёстой. Зэрлэг амьтантай тэжээвэр амьтантай харьцаж байгаа юм шиг харьцаж болохгүй. Зэрлэг амьтан бол мал шиг биш" хэмээлээ.

"Ан амьтдын авир төрх, хүнд үзүүлэх ашиг тус, хор хөнөөлийн талаар өргөн хэмжээний сурталчилгаа, таниулга хийх ёстой"

зураг
 

МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор Х.Тэрбиш "Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах асуудал Монгол Улсад сүүлийн үед нэлээн чухалчлан яригдах боллоо. БОАЖЯ-аас баримталж буй бодлогын хүрээнд МУИС-ийн багш нарын баг хамт олон байгалийн зэрлэг амьтдыг аварч асрах, хамгаалах тухай багц стандарт боловсруулсан. Энэ стандартыг Монгол Улсад анх удаа мөрдөхөөр бэлдсэн учраас хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг арга аргачлалыг тусгасан гарын авлагыг мөн гаргасан.

Монголчууд өөрсдөдөө ойр байдаг амьтдад илүү дасчихсан ч юм уу эсвэл сүсэг бишрэлээр хандах нь бий. Жишээлбэл, могойг лусын эзэн гэж ярьдаг. Зарим хүн могойноос айдаг байхад зарим хүн газар дээр нь амийг нь тасалдаг. Манай ард иргэдэд ялангуяа хүүхэд, залуучуудад ан амьтдын авир төрх, хүнд үзүүлэх ашиг тус, хор хөнөөл, эерэг сөрөг ойлголтын талаар өргөн хэмжээний тал бүрийн сурталчилгаа, таниулга хийх ёстой. Үүний үр дүнд амьтдыг хайрлаж хүндэтгэдэг, санаа зовдог болж төлөвшинө шүү дээ.

Байгаль хамгаалах мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах, энэ талын материаллаг баазыг сайжруулах шаардлагатай. Эрх зүйн орчны хувьд манай улсын хавьд хангалттай. Наад зах нь Амьтны тухай хуульд аливаа амьтан бүр амьд байх жам ёсны эрхтэй гэж заачихсан. Аврах, асрах ажиллагаанд бүх хуулийн этгээд адил тэнцүү оролцоно гээд үүргийг нь тодорхойлчихсон, санхүүжилтийн асуудлыг нь энэ болон бусад хуульд заагаад өгчихсөн байдаг. Харин үүнд удирдлага, зохион байгуулалт чухал байгаа юм" гэлээ. 

М.Төгөлдөр: Амьтдад идэш тэжээл нь ховордох, айлын өвөлжөө хотонд ирэх асуудлууд байна

зураг
 

Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн М.Төгөлдөр "Увс аймгийн хувьд Засаг даргын захирамжаар амьтан авран хамгаалах, арчлах ажлын хэсгийг байгуулсан.

БОАЖЯ, Мал эмнэлгийн газар, Экологийн цагдаа, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, бусад холбогдох хүмүүсийн албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байдаг. Зэрлэг амьтныг өвчилсөн, бэртсэн үед шаардлагатай дуудлагыг хүлээн авч, тухайн газарт очиж ажилладаг. Зайлшгүй авран хамгаалах шаардлагатай үед анхан шатны тусламж дэмжлэг үзүүлдэг.

Хамгийн эхэнд Мал эмнэлгийн газар тухайн амьтнаас шинжилгээ авдаг. Гоц халдварт өвчнөөр өвчилсөн эсэх, биеийн ерөнхий байдлыг газар дээр нь тодорхойлоод байгалийн голомтот гоц халдварт өвчтэй бол дараагийн шатны арга хэмжээг авдаг. Галзуу, шүлхий, мялзангийн вирусгүй тохиолдолд туслах, авран хамгаалах арга хэмжээг авч, тэжээж гаршуулах ажлыг шат дараатай зохион байгуулна.

Үүнээс гадна байгальд нь буцаан тавих ажлыг хууль журмын дагуу зохион байгуулж ажиллаж байна. Энэ бүх үйл ажиллагаанд санхүүгийн болон арга зүйн тусламжийг үзүүлж, сүүлийн 30 гаруй жил хамтран ажиллаж байгаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамт олонд баярлалаа.

Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд санхүүжилтийн асуудал учир дутагдалтай байдаг. Зэрлэг амьтны асуудал дээр Байгаль орчны газарт тухайлсан зардал байдаггүй. Харин Увс аймгийн хувьд Байгаль орчны газрын амьтны идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулах, биологийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх амьтан асран хамгаалах зардлуудаа орон нутгийн төсөвт суулгуулдаг.

2023 оны нэгдүгээр сард манай аймгийн Өлгий суманд Монгол бөхөнгийн янзага нохойд хөөгдөж, айлын хотонд ирсэн. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн баруун бүсийн салбартай хамтран авран туслах үйл ажиллагааг зохион байгуулсан. Ингээд Завхан сумын бөхөнгийн сүрэгт буюу ижил сүрэгт нь буцаан тавьсан. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Наранбулаг суманд цоохор ирвэс ирсэн байна гэх дуудлагын дагуу очсон. Амьтан авран хамгаалах ажлын хэсэг, тухайн сум дүүргийн цагдаагийн төлөөлөгч нартай очиж нэн ховор амьтан учраас холбогдох бүх арга хэмжээг авсан.

Өмнө нь дуудлага ирэхэд биологийн төрөл зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн явдаг. Бид улаан гараараа буюу халдвар хамгааллын хэрэгсэл байхгүй эрсдэлтэй орчинд очдог байсан. Одоо тухайн аймагт мэргэжлийн баг бүрдээд сургалт мэдээлэл аваад, зөвлөмжийн дагуу асрах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулдаг боллоо. Ерөнхийдөө жилд 4-6 орчим дуудлага ирж байна. Энэ жил хаа сайгүй л бэлчээрийн гарц тааруу, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа. Амьтдад идэш тэжээл нь ховордох, айлын өвөлжөө хотонд ирэх асуудлууд байна. Сүүлийн үед гарч байгаа малын мялзан өвчин, салаа туурайт амьтны шүлхий өвчин хаа сайгүй байгаа учраас эхний ээлжид байгалийн голомтот өвчин байгаа эсэхийг нь судалж шинжилгээ дээж авч байгаа. Эхний ээлжийн энэ мэт арга хэмжээг авсны дараа бусад арга хэмжээг төлөвлөдөг юм" хэмээн ярив.

 

Б.Цацралт