Нийслэлд тавигдаж буй дугуйн замын талаар Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгөв.
"Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий төлөвлөгөөнд 50 км дугуйн зам барихаар тусгагдсан байдаг. Үүн дээр 30 км дугуйн зам барихаар нэмэгдсэн.
Одоо 20 орчим км дугуйн замын ажил хийгдэж байгаа, бүрэн дуусаагүй. Тодруулбал, уулын зам, Налайх замын дагуух дугуйн зам юм. Нийт 100 гаруй км дугуйн зам хүлээж авна.
Таван шараас ГССҮТ, 3,4 дүгээр хороолол, Самбуугийн гудамж чиглэлийн дугуйн замын ажил бий. Газар чөлөөлөлтийн асуудлаас болоод зарим багцын ажил нь зогсчихсон. Үүнийг шийдвэрлэхээр ярилцаж байгаа"-г дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн хэллээ.
Дугуйн болон явган хүнийг замыг стандартын дагуу бариагүй бол гүйцэтгэгч компаниар дахин хийлгэх зохицуулалттай аж.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг хүнд ногдож байгаа ногоон байгууламж дэлхийн дунджаас харьцангуй бага байдаг. Энэ нь тоосжилт, хөрс, агаарын бохирдолд ч нөлөөлдөг.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд жишээ нь, зам тавихын тулд аж ахуйн нэгжүүд стандартаа худалдаж авдаг байсан. Тухайлбал, зам тавих 10 төрлийн стандарт байлаа гэхэд тэрийг энд, тэндээс цуглуулж авдаг. Үүнээс болж халтирдаг хавтангаар зам тавих гэх мэт асуудал үүсэж байсан.
Өнгөрсөн онд Хотын есөн бүлгийн 38 стандартыг баталсан. Дараагийн стандартууд батлагдах шатандаа явж байна. Энэ стандартаар явган хүний замыг ямар материалаар, хэрхэн хийх тухай тодорхой заасан. Үүнийг хүссэн хэн боловч үнэгүй авах боломжтой” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!