Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Тамир: 11,000 гаруй тээврийн хэрэгслийн бүртгэл устсан эсэх мэдээлэл эцсийн байдлаар тогтоогдоогүй

П.Зоригт, IKON.MN
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад ГЕГ-ын мэргэжилтнүүд хариулт өгөв. 



Сэтгүүлч: 11,000 гаруй тээврийн хэрэгслийн бүртгэлийг устгасан байна гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Авлигатай Тэмцэх Газраас мэдээлсэн. Үүнд тайлбар өгнө үү? 

ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир: Өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллагаас өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцдаа зарим мэдээ мэдээллийг цуглуулж, олж авсан юм байна.

Тодруулбал, 11,000 гаруй тээврийн хэрэгслийн улсын хилээр гарах үеийнх нь бүртгэл устсан байж болзошгүй талаарх мэдээллийг өгсөн. 

Авлигатай Тэмцэх Газар хил хамгаалах байгууллагаас улсын хилээр нэвтэрсэн тодорхой тооны автомашинтай холбоотой мэдээлэл авчээ. Тэдний авсан мэдээлэл нь гаалийн байгууллагын мэдээлэлтэй тохирч байгаа эсэх, зөрүү гарч, мэдээлэл дундаасаа устаж уу, үгүй юу гэдгийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

Тээврийн хэрэгслийн бүртгэл устсан эсэх тухай мэдээлэл эцсийн байдлаар тогтоогдоогүй. Авлигатай Тэмцэх Газраас шалгаж байгаа юм байна. Уг ажиллагаанд гаалийн байгууллагаас бүх талаар хамтарч оролцож байгаа. 

Цахим сервер, мэдээллийн сан, шаардлагатай архивын баримт болон бүртгэлийн дэвтрүүдийг гаргаж өгөх хэлбэрээр бүх талынх нь нөхцөлийг хангаад хамтарч ажиллаж байгаа.

Ахлах байцаагч Ч.Тамир үргэлжлүүлэн: Өнгөрсөн долоо хоногт дээрх мэдээлэл цацагдсаны дараа хууль хяналтын байгууллагатай хамтран гаалийн байгууллагын мэдээллийн үндсэн систем рүү орж шалгасан.

Шалгалтын ажиллагааны дүнг арай нэгтгээгүй байна. Шалгалтад гаалийн байгууллагаас хамтран оролцоод явж байхад тодорхой тооны автомашинтай холбоотой тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээлэл байгаа нь тогтоогдсон. Мөн 11,000 тээврийн хэрэгслээс 3,500 орчим автомашины мэдээллийг нарийвчлан шалгахаар ажиллаж байгаа.

Сэтгүүлч: Тэгэхээр зөрүүтэй мэдээлэл өгсөн гэсэн үг үү?

Ахлах байцаагч Ч.Тамир: Үүнийг зөрүүтэй мэдээлэл гэж үзэхгүй. 11,000 гэх тоон мэдээллийнх нь 2/3 орчим нь манай байгууллагын мэдээллийн баазад байгаа. Үлдсэн мэдээллийн баазыг судлах, шинжлэх ажил хийгдэж байна.