Усны салбарын тулгамдсан асуудлын талаарх салбар хуралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө "Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудал" сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Хуралдаанаар ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн доктор, дэд профессор Н.Насанбаяр илтгэл тавилаа.
Монгол орны говийн бүсийн нутгуудад байрлах Оюутолгой, Тавантолгойд ус хүргэх зайлшгүй шаардлага тулгардаг байна.
Говийн бүсийн ус хомсдолтой нөхөн сэргээгддэггүй баялаг учраас нөхөн сэргээгддэг гадаргын усыг аваачих олон төрлийн төслүүд хэрэгждэг бөгөөд одоогийн байдлаар Өмнөговь аймгийн орон нутгийн санхүүжилтээр Улаан нуур, Даланзадгад, Тавантолгой чиглэл рүү гадаргын ус дамжуулах техник, эдийн засгийн үндэслэлийг хийж байгаа аж.
Говийн бүс нутгийг усжуулах төслүүд:
Монгол Улсад сав газрын хооронд ус дамжуулах анхан шатны хийгдэж байсан төсөл:
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, хотын хүн амын ус хангамжийн эх үүсвэрт жилдээ 7.5 сая.м.куб усыг Сэлэнгэ мөрний хөвөөгөөс 60 км татаж ашигладаг.
Доктор, дэд профессор Н.Насанбаяр "Орхон-Хужирт усан цогцолборыг байгуулж Орхон голоос ус татаж Онгийн голыг нэмэгдүүлэн Улаан нуурыг сэргээх төслийг боловсруулсан боловч Хужиртын халуун усны рашааны хагарал, хилийн усны хэлэлцээрээр ОХУ-аас хориглосон зэрэг асуудлууд тулгарсан. Тиймээс газрын доорх усыг зохиомлоор нэмэгдүүлж цааш татаж авч явах боломжит хувилбарыг гаргасан.
Онгийн голоо тэтгэж цуврал усан сангуудыг байгуулаад цааш говь руу ус гаргах боломжтой байна. Онгийн голоос авсан усаар Оюутолгойг гадаргын усаар хангана. Энэ талаарх судалгаа, төлөвлөлтүүдийг хийж ажиллаж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр Оюутолгой ХХК одоогийн байдлаар жилдээ 15.8 сая.м.куб, 14 тэрбум төгрөгийн усыг ашигладаг. 2017 онд хамгийн их буюу 16.5 сая.м.куб ус хэрэглэсэн. 40 жил уурхайг ашиглана гэвэл 600 сая.м.куб ус ашиглана гэдгийг онцлоод уурхайн хуучин цоонгуудыг усаар дүүргэх тухай ярьсан юм.
Оюутолгой хуучин өрөмдлөг хайгуулынхаа бүх цооногуудыг битүүмжлээд жишиг уурхай болохоор ажиллаж байгаа. Эсрэгээрээ эдгээр хуучин цооногуудад гадаргуугийн усыг аваачиж гүнийхээ усыг тэжээгээд явах жишиг уурхайнуудыг байгуулах хэрэгтэй.
Бид нөхөн сэргээгддэггүй баялгаа өгөөд дууссан ч нөхөн сэргээгдэх баялгаа авч үлдэх хэрэгтэй байна.
Германы нүүрсний уурхайг усаар дүүргэж нуур болгон байгалийн цогцолборт газар болгосон сайн жишээний адилаар ил уурхай болон далд уурхайнуудын хуучин цооногуудыг усаар дүүргээд баянбүрд болгох боломж байна” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!