Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ сарын 18-ны өдөр бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ.
Үүнд:
Монгол үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4.5-д "Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.
Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилсөн байна.
Шинэчилсэн дүрэм:
"Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд аль ч даваанд хоёр бөхийн идэвхтэй барилдсан бөх нь дараагийн барьцыг барих талаа сонгоно.
Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодгийн хормойгоос хав барьж 2 талаар барилдана. Хав барьцаас хаялцахгүй бол дан, давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцаас барилдах нийт хугацаа 20 минут байна.
Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд /40 минутад/ хаялцаагүй тохиолдолд тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. Тэгш барьц гэдэг нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодгоос барих барьцыг хэлж байгаа болно" хэмээн өөрчилсөн байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|