Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр самнасан ноолуурыг экспортод гаргахыг нэг жилийн хугацаанд хойшлуулсан. Үүнийг хойшлуулах ямар үндэслэл байсан талаарх сэтгүүлчийн асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өгөв.
Тэрбээр "2013 оны наймдугаар сарын 26-нд тухайн үеийн Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга арьс ширийг хилээр гаргахыг хориглох тогтоолыг оруулж, батлуулсан байдаг. Ингэснээр 10 жилийн хугацаанд Монгол Улсын экспорт 9 дахин унасан. Үүний зэрэгцээ түүхий эдийн үнэ ханш ч унасан.
Дээрх тогтоолыг цуцалснаар арьс ширний үнэ хог болж хаягдахгүйгээр экспортод гарах боломж бүрдэж байгаа. Энэхүү тогтоолыг саяхан өөрчлүүлсэн. Засгийн газраас ноолууртай холбоотой арга хэмжээ авсан. Гэхдээ самнасан ноолуур гардаг хэвээр, үүний хугацааг хойшлуулсан зүйл байхгүй. Мөн угаасан ноолуур гаргахыг нээлттэй болгох тогтоол оруулж, баталсан.
Ноолуурын үнийг унагаж үйлдвэрлэлийг хөгжүүлдэг арга бол буруу зарчим. Яагаад 240 мянган малчин өрх ноолуураа үнэ хүргэж, зарж болдоггүй юм бэ.
Угаасан ноолуурыг хилээр гаргавал жилд 300 гаруй сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн ноолуурын борлуулалт хийгдэнэ. Угаасан ноолуурыг хилээр гаргахыг хоригловол ноолуурын үнэ унана. Өнгөрсөн 2013 онд хилээр гаргахыг нь хориглож, үнийг нь буулгавал арьс ширний салбар хөгжинө гэдэг бодлого хэрэгжсэн. Гэвч энэ бодлого 10 жилийн турш үр дүнгээ өгөөгүй. Тиймээс дахин давтах шаардлага байхгүй" гэлээ.
Мөн "Самнасан ноолуур дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байгаа. Өндөр үнээр аваад, өндөр үнээр гаргах нь нээлттэй. Үүнд хойш суусан, хориглосон зүйл байхгүй. Харин угаасан ноолуурыг гаргах боломжийг нээж өгсөн нь эргээд ноолуурын үнийг өсгөх боломжийг бүрдүүлж байна" хэмээн хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!