Ардчилсан Нам(АН)-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд нар Улсын Дээд шүүх(УДШ)-ийн шийдвэр, АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Эв нэгдэл гэдэг гоё үгээр халхавч хийн эрх баригчидтай хуйвалдаж, ардчиллын нэр хүндийг унагааж байгаа хэсэг нөхдийг бид эрс буруушааж байна.
АН-аа худалдаж, эрх баригчдын "охин" нам болох замаар өөрсдийн эрх ашгаа бодож байгаа хүмүүстэй эвлэрэхгүй. Хэдийгээр эрх баригчид зарим асуудлыг гаргаж тавьсан ч эцсийн хариуцлага тооцсон зүйл харагдахгүй байна.
Мөн УДШ Улс төрийн намын тухай хуулийн дагуу хийх ёстой бүртгэлийн ажлаа бүдүүлгээр хийсэнд бид харамсаж байгаа.
УДШ-ийн нийт шүүгчийн 15 нь онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд нэг нь ч эрүүгийн хариуцлага хүлээгээгүй.
АН-ын Үндэсний бодлогын хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээгүй нөхөд парламентад суудалтай намын эрх мэдлийг булаан авахыг санаархсан.
Улс төрийн хүчирхийлэл явуулж, АН-ын даргыг хууль бусаар томилсон нь Монголд ардчилал баталгаагүй болж байгаагийн нэг хэлбэр.
Хоёрдугаар сарын 18-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан зарлахаар шийдсэн. Хүндэтгэлийн үйл ажиллагаа явуулахаас гадна хууль бусаар Үндэсний бодлогын хорооны хурал зарласан этгээдүүдийн асуудлыг авч хэлэлцэнэ.
Мөн энэхүү шийдвэрийг гаргасан УДШ-ийн нэр бүхий шүүгчдийг холбогдох хууль хяналтын байгууллагад нь өгнө.
УДШ-ээс гарсан энэ шийдвэр нь захиргааны эрх зүйн акт болохоос шүүхийн хяналтын шийдвэр биш. АН-ын тамгыг хууль ёсны дагуу шилжүүлье гэж гурван удаа оролдсон ч УДШ танай нам дотроо асуудалтай байна гээд хүлээж аваагүй" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!