Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагаснаа Бямба гарагт Пентагон мэдээлсэн билээ.
Үүнийг АНУ-ын тал тагнуулын зориулалттай байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бол Хятадын тал цаг уурын судалгааны техник гэж тайлбарлаж байгаа.
Үүнтэй ижил төстэй хоёр дахь агаарын бөмбөлөг Латин Америкийн бүс нутагт илэрсэн тухай Баасан гарагт Пентагоны төлөөлөгч мэдээлж байв.
Тэгвэл уг бөмбөлөг өөрийнх нь мөн болохыг Хятадын гадаад хэргийн яам Даваа гарагт баталжээ.
Цаг агаарын судалгааны агаарын бөмбөлөг нь төлөвлөсөн замаасаа гарч, жолоодлогогүй болсноос санамсаргүй Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт хүрснийг тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинь тайлбарласан байна.
“Хятад бол олон улсын хууль дүрмийг чанд сахидаг, хариуцлагатай улс. Дээрх төхөөрөмж нь аль ч улс оронд ямар ч аюул занал учруулаагүйг хариуцлагатай мэдэгдэж байна” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Колумб улсын зэвсэгт хүчин тус улсын агаарын орон зайд АНУ-д нэвтэрсэнтэй ижил хэлбэр, хэмжээтэй агаарын бөмбөлөг орж ирснийг мэдээлсэн юм.
Газраас 16 км орчим өндөрт нисэж яваа бөмбөлгийг нутаг дэвсгэрээсээ гарах хүртэл дагаж, ажигласан бөгөөд энэ хугацаанд ямар нэг аюул учруулаагүйг сүүлд мэдээлжээ.
АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчин Бямба гарагт Атлантын далайд буудаж унагасан агаарын бөмбөлгийн үлдэгдлийг цуглуулах ажиллагааг одоо явуулж байна.
Ерөнхийлөгч Жо Байден бөмбөлгийг буудаж унагах төлөвлөгөөг Лхагва гарагт баталсан ч хүн амын аюулгүй байдлыг хангах үүднээс Атлантын далайд хүрэх хүртэл хойшлуулж байжээ.
Бүгд Найрамдах намын зарим улс төрчид тагнуулын зориулалттай байж болзошгүй агаарын бөмбөлгийг даруй устгаагүй Байдены засаг захиргааг шүүмжилж байна.
Агаарын бөмбөлгийн асуудал Америк-Хятадын дипломат харилцаанд шинэ маргаан үүсгээд байгаа. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ асуудлын улмаас Хятадад хийх гэж байсан айлчлалаа хойшлуулсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!