Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ.
Сонсголын эхэнд эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг танилцуулж хэлэлцсэн юм.
Үдээс хойших сонсголд Хөгжлийн Банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэж байна. Дээрх хоёр асуудалтай холбогдуулан 59 гэрчийг дуудаад буй.
Энэ хүрээнд АСЕМ-ийн автобусны санхүүгийн түрээстэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэрчээр дуудагдан оролцож байгаа юм.
Хэлэлцэх асуудлын эхэнд шинжээч дүгнэлтээ танилцуулав.
“Ди Би Эм лизинг” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн 33 хуулийн этгээдэд 115 тэрбум төгрөгийн санхүүгийн түрээсийн санхүүжилт олгожээ. Засгийн газрын 155 дугаар тогтоолоор тус компанийг татан буулгасан. Татан буулгахтай холбоотой нийт 477 сая төгрөгийн зардал гарсан. Улмаар Засгийн газрын 252 дугаар тогтоолоор үйл ажиллагааг нь сэргээсэн байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ни өдрийн байдлаар нийт санхүүгийн түрээсийн үлдэгдэл 84.8 тэрбум төгрөг, үнэ цэнийн бууралт нь 9.5 тэрбум төгрөг болсон байна.
Үргэлжлүүлэн тэрбээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн АСЕМ-ийн 43 автобусны санхүүгийн түрээс олгосон.
Төрийн есөн байгууллагад нийт 19 автобусыг 5.2 тэрбум төгрөгөөр олгосон бөгөөд үлдэгдэл нь 3.6 тэрбум төгрөг байна.
Хувийн 11 байгууллагад 21 автобусыг 5.3 тэрбум төгрөгөөр олгосон бөгөөд үлдэгдэл нь 3.5 тэрбум төгрөг байгаа юм.
АСЕМ-д зориулан авсан 43 автобус нэг бүрийг 126,000 ам.доллароор авчээ. АСЕМ-ийн үйлчилгээнд 14 хоног ашигласан тухайн автобусыг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Сангийн Яамны 8-3/6493 тоот албан бичгээр нэгж бүрийн үнэлгээг 44 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Энэ нь Өрийн удирдлагын тухай хуулийн 30.6 дахь заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байгааг шинжээч танилцуулгадаа дурдлаа.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!