Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Гансүх: Метан хий нүүрснээс өндөр илчлэгтэй, 98 хувийн шаталттай учир Улаанбаатарыг утаагүй болгох шийдэл мөн

Б.Заяа, Өдрийн сонин
2023 оны 2 сарын 6
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Тахь ресурс" ХХК-ийн дэд захирал Н.Гансүхтэй (Ph.D.) метан хийгээр агаарын бохирдлыг бууруулах асуудлаар ярилцлаа.

Тус компани метан хийн хайгуулын төслийг орон нутагт хэрэгжүүлж байгаа ажээ.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг олон жил ярилаа. Метан хий бол утааг бууруулах гол шийдлийн нэг гэж үзэж байгаа. Монгол орон нүүрсний баялаг нөөцтэй, түүнийг дагаад метан хийн нөөц ч хангалттай гэж харж болохоор. Утаагүй болоход метан хийг хэрхэн ашиглаж болох талаар ярилцлагаа эхэлье?

-Утаа бол Монгол Улсын хэмжээнд хамгийн их тулгамдаад байгаа асуудал.

зураг
 
Өдрийн сонин

Энэ нь хүмүүсийн эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарлаж байгаа. Манай улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18 дугаар байрт ордог, асар уудам газар нутагтай. Цөөн хүн амтай улс хэрнээ утаа, агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг. Гэтэл энэ ноцтой асуудлыг жил бүрийн өвөл 12, 1, 2 дугаар саруудад яриад л зун нь мартчихдаг. Утааг шийдэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас сайжруулсан түлшний үйлдвэр барихаас эхлэн олон ажлуудыг хийлээ.

Гэхдээ эдгээр нь утааг бүрэн шийдэх шийдэл биш гэдгийг бүх эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, тэр байтугай ард түмэн бүгдээрээ ойлгочихлоо. Утаа бол байсаар л байна, утаагаар дамжаад ханиад томуу нэмэгдэж, хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Метан хий бол манайд шинэ салбар. Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Харин метан хий 2004 оноос яригдаж эхлээд 2018 оноос хайгуулын үйл ажиллагаа эрчимжиж байгаа. Метан хийн салбарт Австрали, Канад улс өндөр ач холбогдол өгдөг учраас гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, ноу-хау орж ирэх өндөр боломжтой.

Манай улс нүүрсний олон уурхайгаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Гэтэл стандартаараа бол нүүрсний уурхай эхлэхээс өмнө метан хийгээ ашиглах ёстой байдаг. Тэгэхгүй бол метан хийг шууд байгальд дэгдээх нь өөрөө байгаль орчинд сөрөг нөлөөтэй, мөн нүүрсний ан цавт хуралдсан хийнээс шалтгаалан уурхайд дэлбэрэлт үүсэх зэрэг олон эрсдэлтэй.

-Яг метан хийн талаар товч ойлголт өгч болох уу?

-Метан хий бол нүүрсний давхаргын ан цав, страктурт байрладаг хуралдсан шатах хий. Хүмүүс байгалийн хий гэж яриад байдаг. Тэр бол нефтийн сав газар тостой холилдохгүйгээр их хэмжээгээр хуралдсан байдаг шатах хий. Энэ хоёр хий хоорондоо нэг их ялгаагүй, адилхан шатах хий гэж ойлгож болно.

Нүүрсний давхаргын метан хий бол Монголын нүүрсний сав газруудад байгаа нэг төрлийн байгалийн баялаг юм. Энэ баялгаа манай улс олж тогтоогоод, нөөцөө тодорхойлоод, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал утаагүй болох хамгийн зөв шийдэл.

Газ хэрэглэнэ гээд ярихаар хүмүүс гаднаас худалдаж авах гэж байна гэж ойлгодог. Гэтэл манайд тэр баялаг байна шүү дээ. Нүүрс байна, нүүрсээ дагасан метан хий нь байна. Нөгөө талаар утаа бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болсон. Аймгийн төвүүд их хэмжээний уурын зуух ашиглаж байгаагаас маш их утаатай болсон. Манай хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Өвөрхангай аймаг гэхэд л Улаанбаатараас илүү утаатай.

Утааны асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-т метан хийг хөгжүүлж, хайгуулын ажлыг эрчимжүүлэх ажлыг тусгаж байгаа нь сайшаалтай зүйл. Одоогоор манай улсад дөрвөн компани зургаан талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулан метан хийн хайгуулын ажил хийж байна.

-Метан хийг олон янзаар ашиглаж болдог гэдэг. Тодруулахгүй юу?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын орон сууцнууд бүгд газын шугамтай. Газаар байраа халааж, тог цахилгаанаа үйлдвэрлэж, ахуйн хэрэглээндээ ашиглаж байна. Метан хийг ахуйн хэрэглээнээс гадна ус халаагуурт, хийн зуух, хуванцрын үйлдвэрт, бордооны болон металл боловсруулах үйлдвэрт зэрэг олон байдлаар ашиглаж болохоос гадна экспортын чухал бүтээгдэхүүн.

Дэлхий нийтээрээ байгаль орчны асуудлын эсрэг нүүрсний цахилгаан станцаас татгалзаж ногоон эрчим хүчийг түлхүү ашиглаж эхэлсэн энэ үед метан хийг эрчим хүчний шинэ эх үүсвэр гэж ойлгож болно. Мөн метан хий нүүрснээс илүү илчлэгтэй. Утаагүй, 98 хувийн шаталттай, тортоггүй, үнэргүй байдаг.

-Метан хийн хайгуул, олборлолт байгаль экологид хэр нөлөө үзүүлдэг юм бол?

-Монгол Улсын Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, боловсруулах, баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нэмүү өртөг шингээх бодлого баримталж байна. Метан хий бол хамгийн эко, байгальд хоргүй уламжлалт бус газрын тосны ангилалд хамаардаг ашигт малтмал. Энгийн худаг ухдагтай яг ижилхэн, 20см-ийн цооног өрөмдөөд л соруулаад авчихдаг.

Ямар нэг химийн бодис хэрэглэдэггүй, ус бохирдуулахгүй. Хэрэв олборлох бол дэд станц баригддаг ч тэр нь маш жижигхэн хэмжээтэй. Олон улс оронд ашигладаг, байгальд сөрөг нөлөөгүй технологитой.

Дэлхийн олон улсад хүүхдийн тоглоомын талбайн болон хаус хорооллын хажууд, тариалангийн талбай дээр бага зай талбайд хүртэл олборлож л байдаг. Метан хийн хайгуул хийхдээ хамгийн удаандаа cap хүрэхгүй хугацаанд өрөмдөж. нүүрсний дээжээсээ газ байгаа үгүйг шинжлээд л болдог.

-Дотоодын компаниуд метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, хугацааг хэлж болох уу?

-Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн "Номгон-9" гэдэг талбайд туршилтын олборлолт хийснийг та бүхэн дуулсан байх. Компаниуд хайгуулаа хийгээд, нөөцөө тодорхойлж байна. Нөөцөө тодорхойлсны дараа үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөнө.

Хэрэглээнд нэвтрүүлэхээсээ өмнө дахин ТЭЗҮ боловсруулж, шингэрүүлэх үйлдвэр барих уу, дэд бүтцээ яаж шийдэх, нөөцөөсөө хамаарч орон нутагт нийлүүлэх үү, шууд Улаанбаатарт хүргэх үү, хоолой татах уу. машинаар зөөх үү гэдэг нь тодорхой болно.

Нэг сайшаалтай зүйл нь Газрын тосны тухай хуульд уламжлалт бус газрын тос гэсэн нэр томьёо орж ирсэн. Үүнийг дагаад хууль эрх зүйн орчноо сайжруулж, төрөөс маш сайн зохицуулалт хийх хэрэгтэй. Компаниудад мэдээж төлөвлөгөө, төсөөлөл байгаа. Тиймээс эхлээд нөөцөө тодорхойлоод дараа нь эдийн засгийн үр ашгаа нарийн тооцож төлөвлөгөөгөө гаргана.

Төрийн бодлого шийдвэр болон орон нутаг хэр сайн ойлгож дэмжихээс метан хийн салбарын хөгжил болоод хэрэглээнд нэвтрэх хугацаа шууд хамаарна.

-Хамгийн ойрхондоо Улаанбаатарын утааг метан хийгээр шийдэх хугацаа хэзээ байх бол гэдгийг сонсох гээд байна л даа?

-Нүүрсний хэрэглээг орлуулах тог цахилгаан болон газыг л хурдан хэрэглээнд нэвтрүүлж чадвал төдий чинээ хурдан утаагүй болно. Улс маань утааны асуудлаа хийгээр шийдэх ажлыг эрчимжүүлж чадвал нэн даруй шийдэгдэнэ. Мөн метан хийн хайгуул нь маш нарийн технологиор, гадны мэргэжилтний зөвлөгөөн дор явагддаг. Тиймээс энэ салбарт гадны мэргэжилтнүүдийг олноор авчрах хэрэгтэй. Нөөцөө тодорхойлоод газаа хэрэглээнд нэвтрүүлж чадвал эхлээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тухайн орон нутгаа эрчим хүчээр хангана гэсэн заалттай компаниуд ч байгаа.

-Нөөц тогтоогдож, олборлолт эхэллээ гэхэд хэрэглээнд яаж нэвтрүүлэх боломжтой вэ?

-Хийгээ эхлээд цахилгаан станцуудад нийлүүлж болно. Монгол гэрт яагаад гал түлээд байгаа вэ гэхээр халаалтыг л шийдэх гээд байгаа шүү дээ. Үүнийг газаар бүрэн шийдэх боломжтой. Харин хэрхэн нэвтрүүлэх шийдлийг дэд бүтцийн инженерүүд болоод төрийн бодлогоор л шийднэ. Бидний үүрэг бол хийгээ олж, нөөцөө тогтоох, дараа нь эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн энэ салбарт гадны хөрөнгө оруулалтыг маш сайн татах хэрэгтэй. Манай компани 2022 онд гурван цооног өрөмдсөн. Судалгааны эхний үр дүн сайн гараад явж байна.

-Газ хэрэглэнэ гэхээр манайхан жаахан эмээдэг, эрсдэл тооцдог талтай..?

-Хий бол маш өндөр стандарттай. Битүүмжлэлтэй учраас аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй. Гадаадад амьдардаг бүх монголчууд газ л хэрэглэж байгаа шүү дээ. Өндөр хөгжилтэй бүх улс орон газ хэрэглэж байна. Мэдээж аюулгүй ажиллагааны заавар байгаа. Маш нарийн горимоор хэрэглэх ёстой. Дур мэдэж битүүмжийг нь алдагдуулах аюул л байгаа. Тэглээ гээд үүнээс айгаад нүүрсээ түлээд байх нь маш бүдүүлэг хэрэг биз дээ.

-Метан хийн нөөц ер нь манайд хэр их юм бэ?

-Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт тэд гэж тогтоосон судалгаа байхгүй. Хайгуулын зардал өндөр учраас улсын төсвөөс энэ зардлыг даагаад өөрийн нөөцөө шууд тогтоогоогүй гэж хэлж болно. Тийм учраас Засгийн газраас компаниудтай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан ажиллаж байна. 7.4 триллион шоо метр гэж таамагласан судалгаа байдаг. Энэ бол нөөц биш баялаг. Энэ судалгаа нь Австралийн судлаачид Монголын 15 нүүрсний ордыг түшиглэж гаргасан баримжаа тоо. Өрөмдөөд хайгуулын үйл ажиллагаа маань тогтсоны дараа нөөц болно.

-Улаанбаатарын гэр хороололд нүүрс түлэхгүйгээр газаар халаалт дулаанаа шийддэг боллоо гэхэд айл өрхийн эдийн засгийг хэмнэх үү, нэмэгдэх үү. Эдийн засгийн тооцоолол хийсэн үү?

-Импортоор ирж байгаа газаар эрчим хүчээ шийднэ гэвэл нүүрснээс үнэтэй харагдана. Харин дотоодын нөөцийг ашиглавал бага өртөгтэй. Дээр ярьсантай адил илчлэг гэхээр нүүрснээс хэд дахин өндөр. 98 хувийн шаталттай гэдэг үр өгөөж ямар тусах нь харагдаж байгаа болов уу. Үүнээс гадна агаарын бохирдлоос шалтгаалах олон асуудал шийдэгдэх давуу талтай. Тиймээс метан хийг эдийн засгийн хувьд ч тооцсон үр ашигтай харагдаж байна.

Ядаж л бид эрүүл агаараар амьсгалж үр хүүхэд маань ханиад томуу хүрэх нь багасна гэж итгэж байна. Манай улс чинь өөрийн эрчим хүчээ бүрэн хангаж чаддаггүй, хоёр хөршөөсөө эрчим хүчээ өндөр үнээр худалдаж авдаг эрчим хүчний хараат улс шүү дээ. Монгол Улс ч гэсэн бусад өндөр хөгжилтэй орнуудтай адил ногоон эрчим хүчийг хөгжүүлэх цаг болсон гэж бодож байна.

Зураг