Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: Элэгний D вирусийн эсрэг эмчилгээг эхлүүлэхээр АНУ-ын "Gilead" компанид хүсэлтээ илгээсэн

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элэгний D вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт "Корпорэйт Конвеншн"-д өчигдөр боллоо. Уг уулзалтад Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) болон холбогдох бусад төлөөлөл оролцсон юм. 

Монгол Улсын 2023 оны төсөвт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт зориулан 13.7 тэрбум төгрөг баталжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, эмч Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр "Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад манай улсын иргэд элэгний хорт хавдраар маш их өвчилж байна. Үүний гол шалтгаан нь элэгний архаг вирустэй холбоотой. Элэгний B, D вирусийн халдвартай байх нь хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Өнөөдөр тулгамдаж буй асуудал нь D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээг одоог хүртэл шийдэж чадаагүй байгаа. Эмчилгээгүйгээс үүдэн элэгний D вирустэй хүмүүсийн эрүүл мэнд аюултай нөхцөлд байна" хэмээн хэллээ.

Дэлхий нийтээр элэгний гепатит D вирусийн эсрэг дараах эмийг хэрэглэж байна. 

  • "Gilead" компанийн Нepcludex эм нь АНУ-ын FDA-аас зөвшөөрөл авахаар өргөн мэдүүлсэн ч одоог хүртэл зөвшөөрлөө авч чадаагүй байгаа боловч тус эмийг Европын Холбооны хоёр улсад болзолт зөвшөөрөлтэйгөөр хүлээн зөвшөөрчээ.
  • ОХУ-ын Mircludex эмийг зөвхөн ОХУ-д нийлүүлэх зөвшөөрөлтэй байгаа аж.   

"Монгол Улсад элэгний D вирусийн эмчилгээ нэн шаардлагатай. Тийм учраас эмчилгээг эхлүүлэх тал дээр "Gilead" компанид ч хүсэлтээ тавьсан. Шаардлагатай зөвшөөрлийг авсан ч эмчилгээний төлбөр өндөр. Тодруулбал, сарын эмчилгээний өртөг нь 18,000 евро бөгөөд эмчилгээг тогтмол хийлгэх болдог. Манай улсад нэг хүний эмчилгээ 100 гаруй сая төгрөгийн үнэтэй болж байна. Тиймээс дээрх компанитай үнийн хэлэлцээр хийж, хөнгөлж авах нь чухал. 

Гол нөлөөлж байгаа дараагийн хүчин зүйл гэвэл, дэлхий даяар D вирусийн тархалт нь C вирусийг бодвол цөөн тохиолддог. Дэлхий дээр 15 сая орчим хүн D вирусийн халдвартай хэмээн үздэг. Тэр дотроо эмнэлгийн тусламж илүү сайн хөгжсөн, өндөр хөгжилтэй орнуудад D вирусийн халдвар их биш учраас энэ орнууд эмчилгээг төдийлөн сонирхохгүй. Гэтэл манай улсын 3.4 сая хүн ам дотор 150,000 иргэн D вирусийн халдвартай байх эрсдэлтэй. Энэ бол бидэнд тулгамдаж буй асуудлын нэг.

ОХУ-аас эмээ аваад эмчилгээгээ хийж буй 200 гаруй иргэн байна. Түүнчлэн миний хяналтад 10 гаруй иргэн байгаа. Эмчилгээ гаж нөлөөгүй, сайн үр дүнтэй байна. Тиймээс тухайн эмийг түргэвчилсэн байдлаар яаралтай нэвтрүүлэхээс өөр арга байхгүй" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ.