Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болор-Эрдэнэ: Сахлын татуурга, шүдний чигчлүүр гэх мэтчилэн жижиг зүйлээс ч элэгний вирус халдаж болно

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элэгний D вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт "Корпорэйт Конвеншн"-д өнөөдөр болж байна. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын төлөөллүүд илтгэл тавьж, зарим тоон мэдээллийг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад элэгний В вирустэй 450,000 орчим хүн, түүнээс D компонент хэлбэртэй 240,000 хүн байгаа гэх албан бус тоон мэдээлэл байгаа аж. Монгол Улсын хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын

  • 8.1 хувь нь гепатит С вирусийн халдвар
  • 9.4 хувь нь гепатит В вирусийн халдвараар өвчилжээ. 

Тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, D вирусийн хавсарсан халдвартай байгааг мэдээлэв. 

"Элэгний D вирустэй хүний тоо нэмэгдэж, монголчууд элэг бүтэн бус амьдарч байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-ын тэргүүн С.Дэлгэрмаа "Элэгний D вирусийн халдвар авсан хүмүүсийн зөвлөлдөх уулзалт хийх хэмжээнд хүртэл нөхцөл байдал хүндэрч байна. Манай улс цөөн хүн амтай ч элэгний вирусийн шалтгаанаар дэлхийд нэгдүгээрт ордог. Монголын өрх бүрд нэг хүн элэгний вирусээр нас барж байна. Элэгний D вирустэй хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, монголчууд элэг бүтэн бус амьдарч байна" гэлээ. 

"Элэгний вирусгүй байсан хүн кесарь хагалгаанд орсныхоо дараа вирус авах тохиолдол ч гарч байна"

Хэнтий аймгийн иргэн Б.Болор-Эрдэнэ "Би 39 настайдаа өөрийгөө элэгний B, D вирусийн халдвар авсан гэдгээ мэдсэн. Улмаар элэгний хатуурал гуравдугаар үедээ орсон хэмээн оношлогдож, 2017 оноос группт хамрагдаж эхэлсэн. Гэнэт бие маш ихээр ядарч сульдаж, гэдэс дүүрээд сууж, босож чадахгүй шинж тэмдэг илэрч байсан. Энэ бүхэн хувь хүнээс маш их сэтгэлийн тэнхээ шаарддаг.

Орон нутгийн эмч нар хот руу очиж, элэгний D вирусийн эмчилгээ хийлгэ гэж зөвлөдөг. Хотод ирэхэд нэг ч эмнэлэг эмчилгээ хийх боломжгүй гээд явуулдаг. Би элэгний өвчлөлийг хувьдаа олон удаа судалж үзсэн.

Энэ бол цусаар халддаг өвчин. Шүдний оо сойз, сахлын татуурга, шүдний чигчлүүр гэх мэтчилэн жижиг зүйлээс ч халдаж болно. Тиймээс миний сойзоор хүүхдүүд маань шүдээ угаавал яана, халдвар дамжих эрсдэлтэй хэмээн энгийн үйлдэлдээ ч хянамгай хандах хэрэгтэй болдог.

Шүдний эмнэлэгт үзүүлэх, шивээс хийлгэх, кесарь хагалгаанд орох үед ч элэгний вирус халдварлах эрсдэлтэй. Төрж амаржиж байгаа эмэгтэйчүүд кесарь хагалгаанд ордог шүү дээ. Төрөхдөө шинжилгээ өгөөд вирусгүй байсан хүн кесарь хагалгаанд орсныхоо дараа вирус авах тохиолдол ч гарч байна.

Өнгөрсөн онд “Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-аас хийсэн судалгаагаар 3,500 гаруй хүн шинээр вирусийн халдвар авчээ. Энэ дотор 16 настай хүүхэд хүртэл байна. Бүр 2-3 настай хүүхэд элэг солиулах оноштой ирж байгаа юм" гэлээ.