Хөгжлийн Банк(ХБ)-наас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлын нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 сая ам.доллартой тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс ХБ-аар дамжуулан “Эрэл” ХХК-д санхүүжилтийг олгожээ.
Сонсголд "Эрэл" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат гэрчээр оролцож, түр хорооны гишүүдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүн, Хуралдаан даргалагч Б.Энхбаяр:
-Зээлээр авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг шинжээч хэллээ. Үүн дээр тайлбар өгнө үү?
Б.Эрдэнэбат: Дансны хуулганы энэ асуудалд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд Үндэсний аудитын газраас шалгалт хийсэн. Шалгалтын дүнд Байшин үйлдвэр комбинатын мөнгийг зориулалтын дагуу ашиглажээ гэж тэмдэглэсэн. Үүнийг баталж, Үндэсний аудитын газраас н.Баатархуяг, Хөгжлийн Банкийг төлөөлж н.Билгүүн, “Эрэл”-ийг төлөөлж миний бие гарын үсэг зурсан байгаа.
Мөн 2016 оноос эхлэн намайг АТГ-аас яагаад бэлнээр мөнгө авсан, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн. Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр прокурорын 346 дугаар тогтоолоор уг зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу хэрэглэсэн болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Зээлийн санхүүжилтээс 1.4 сая ам.доллар миний гарын үсэгтэй зарлага гарсан хэргийг мөн Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосон юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Шинжээчийн дүгнэлтэд “Эрэл” ХХК гурван удаагийн зээлийн төлөх ёстой дүн, алдангийн дүн 203 тэрбум төгрөг болсон байна. Үүнийг яагаад төлөөгүй вэ?
Б.Эрдэнэбат: “Эрэл” ХХК-ийг Чингис бонд, Хөгжлийн Банкны эх үүсвэрээс 36 сая ам.доллар авсан гэж олон жил гүтгэлээ. Хөгжлийн Банкнаас 14 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 22 тэрбум төгрөгийн зээл авсан нь үнэн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр олон улсаас мөн адил 22 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, үүнийг Хөгжлийн Банкаар дамжуулан зээлдэж авсан.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн Банкнаас болон дамжуулан зээлдэж авсан мөнгө нийтдээ 36 сая ам.доллар болсон. Тухайн үед долларын үнэ 1,300 төгрөг байсан бөгөөд 70 тэрбум төгрөгийг авсан гэсэн үг. Харин энэ мөнгө долларын одоогийн ханшаар 200 тэрбум төгрөг болоод байгаа юм.
Би 2015 оны тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээлээ төлсөн. Харин Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 9-ний өдөр баталсан 254 дүгээр тогтоол хэрэгжээгүй учраас үргэлжлүүлэн төлж чадаагүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!