Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван зүйлийн хөхтөн, 13 зүйлийн шувуу улаан номноос хасагдлаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном” шинэчлэгдэн хэвлэгджээ.

Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оноос загас, ан амьтан агнах хуулийг баталж, мөрдүүлсэн байна. Улмаар БНМАУ-ын СНЗ-ийн 1985 оны 340 дүгээр тогтоолоор 23 зүйлийн хөхтөн, 19 зүйл шувуу, зургаан зүйлийн хоёр нутагтан, мөлхөгчид болон хоёр зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг оруулсан “БНМАУ-ын улаан ном”-ыг бий болгохоор шийдвэрлэсний дагуу анхны Улаан ном 1987 онд хэвлэгдсэн түүхтэй.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1996-2000 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын улаан номыг шинэчлэн хэвлүүлнэ” гэсэн заалтын дагуу уг номыг 1997 онд хоёр дахь удаагаа шинэчлэн  хэвлүүлсэн юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд “Монгол Улсын улаан ном”-ыг Байгаль хамгаалах сангийн санхүүжүүлтээр гурав дахь удаагаа шинэчлэн хэвлүүллээ.

 Улаан номыг шинэчлэн хэвлүүлэх шаардлага юу байв

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялагийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна.

Монгол оронд агаарын температур +2.1 хэмээр дулаарч, газар нутгийн 70 гаруй хувь цөлжилтөнд өртөж, нийт бэлчээрийн талбайн 70 орчим хувь нь ямар нэгэн хэмжээгээр талхлагдаж, цөл, тал хээрийн нутгийн шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад, 3-4 дахин нэмэгдэж, 2010 оны байдлаар, 5000 гаруй гол, горхи, нуур, цөөрөм, булаг шанд ширгэж, уул уурхайн хайгуул ашиглалтаас үүдсэн их хэмжээний талбайн хөрс хүчтэй элэгдэл, эвдрэлд өртжээ.

Мөн олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюул тулгараад байна.

Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлогын баримт бичгүүд шинээр гарч, тэдгээрт амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, устах аюулд орсон болон орж болзошгүй зүйлийн тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулан хамгаалж, ашиглалтыг хязгаарлах, зориудаар өсгөн арвижуулах зорилтыг тусган хэрэгжүүлж ирлээ.

5000 гаруй гол, горхи, нуур, цөөрөм, булаг шанд ширгэж, уул уурхайн хайгуул ашиглалтаас үүдсэн их хэмжээний талбайн хөрс хүчтэй элэгдэж, эвдэрчээ.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурал 2012 онд “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Амьтны тухай”, “Ургамлын тухай”, “Ойн тухай” болон “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийг шинэчлэн баталсан. Түүнчлэн Монгол Улс “Биологийн төрөл зүйлийн конвенци” /1993/, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” /1996/, “Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци” /1999/ зэрэг олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Дээрх хуулиуд шинээр батлагдан гарснаар, устах аюулд орсон 31 зүйлийн амьтан, 133 зүйлийн ургамлыг дархлан хамгаалж, хөнөөгдөж байгаа 35 зүйлийн амьтан, 353 зүйлийн ургамлын  ашиглалтыг хязгаарлаад байна.

25 зүйл амьтан шинээр бүртгэгджээ

Энэхүү номонд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгдсэн болно. Уг номонд Шилүүс, Суусар булга, Ойн булга, Хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн,  Цагаан тогоруу, Усны нөмрөг бүргэд, Одой галуу, Ооч ёл, Манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, Эгэл загалмайт могой, нэг зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтан шинээр бүртгэгджээ.

Монгол Улсын улаан номонд унаган амьтан /зөвхөн Монголд байдаг/ хоёр зүйл, үлдвэр амьтан нэг зүйл, унаган ургамал 27 зүйл, үлдвэр /өнө эртний/ ургамал 13 зүйл  орсон байна.

Мөн 95 зүйлийн дээд ургамал, таван зүйл хаг, 11 зүйл хөвд, зургаан зүйлийн мөөг, 13 зүйлийн замаг тус номонд шинээр орсон болно. Харин өмнөх улаан номонд орсон гурван зүйлийн хөхтөн, 13 зүйлийн шувуу, 60 зүйлийн дээд ургамал, хоёр зүйл хаг, гурван зүйлийн хөвд, нэг зүйлийн замаг хасагдсан байна.