Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Аватар 2”-ын амжилт дахин гурван цуврал бүтээх талаар бодоход хүргэснийг найрлуулагч Жэймс Камерон ярьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын дундуур нээлтээ хийсэн “Avatar: The Way of Water” кино дэлхийн кино театрын зах зээлээс $1.5 тэрбумыг олоод байгааг саяхан мэдээлсэн билээ.

Энэ бол 2009 онд гарсан “Avatar” киноны үргэлжлэл юм.

Одоогоор “Avatar” нь $2.9 тэрбумын орлогоороо бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино болоод байгаа. Харин ердөө гурван долоо хоног дэлгэцэнд гарсан “Avatar 2” нь энэ жагсаалтын есдүгээрт одоогоор бичигдэж байна.

Цувралын хоёр дахь бүтээлийн энэхүү амжилт гурав, дөрөв, тав дахь кино хийх сэдлийг төрүүлсэн тухай найруулагч Жэймс Камерон өчигдөр ярьжээ.

Тэрбээр HBO Max-ийн “Who’s Talking to Chris Wallace?” шоунд орохдоо “Энэ кино одоо байгаа эрчээрээ ойрын хэдэн өдөрт гаргасан зардлаа амархан нөхөх юм шиг байна. Тиймээс би энэ бүтээлээс салж чадахгүй бололтой. Би бусад цувралуудыг хийх хэрэгтэй болж байна. Ирэх зургаа, долоо жилийн хугацаанд юу хийх нь тодорхой боллоо” гэж ярьсан байна.

Камерон өмнө нь “Avatar 3”-ын зураг авалт нэгэнт эхэлсэн тухай ярьж байжээ.

Харин дөрөв, тав дахь бүтээлүүдийг хийх эсэхээ “Avatar 2”-ын үр дүнгээс хамаарч шийдэх тухай ярьж байсан юм.

“Avatar” цувралын дараагийн кинонууд 2024, 2026, 2028 онуудад дэлгэцэнд гарахаар болж байна.

Камерон дөрөв, тав дахь кинонуудыг бүтээхдээ өөр бусад кино компаниудтай хамтрахад бэлэн байгаагаа хэлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “The Hollywood Reporter” сэтгүүлд ярихдаа тэр цувралын зургаа, долоо дахь кинонуудын талаар санаа байгаа ч тэдгээрийг бүтээх өөр хэн нэгнийг сургаж, бэлдэх нь дээр гэж үзэж байгаагаа ярьж байв.

 

Эх сурвалж: Business Insider