Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Хувийн компаниудын 77.5% орчим нь Улаанбаатар хотод бүртгэлтэй

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуулийн этгээдийн бүртгэлийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

- Хуулийн этгээдийн улсын бүртгэл хэсгээс сэтгүүлчид эрэн сурвалжлах материал бэлдэх үед хэд хэдэн асуудал тулгардаг. Тухайлбал, компанийн хувьцаа эзэмшигчид одоогийнхоор байдаг. Өөрөөр хэлбэл хэн гэдэг хүн хэзээ хувьцаа эзэмшиж байгаад гарсан нь харагддаггүй. Тэгэхээр эзэмшигчдийнх нь орж гарсан түүхийг нээлттэй харагдуулдаг болгож болох уу? 

- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.2.3-д этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл зэрэг мэдээллүүд нээлттэй байхаар хуульчилсан.

Энэ хуулийн хүрээнд манай байгууллага opendata.burtgel.gov.mn сайтад хуулийн этгээдийн дээрх мэдээллийг нээлттэй байршуулсан ба хуульд өмнөх түүхийг нээлттэй байхаар зохицуулаагүй тул боломжгүй юм.

- Компани эзэмшигчийн ургийн овгийг оруулах боломжтой юу. Одоо нээлттэй харагддаг мэдээллээр бол эзэмшигчийн овог нэр болон өөрийн нэр харагддаг. Адилхан нэр, овогтой хүмүүс байж болох учраас нэг хүн хэдэн компанитайг харах боломжгүй байдаг?

- Хуулийн дээр дурдсан заалтад компанийн хувьцаа эзэмшигчийн ургийн овог нээлттэй байхаар заагаагүй тул боломжгүй.

- Монгол Улсад төрийн болон хувийн өмчит нийт хэчнээн хуулийн этгээд бүртгэлтэй байдаг вэ?

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 240,775 хуулийн этгээд бүртгэлтэй байгаа. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн, мөн төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 10,457 хуулийн этгээд байна.

- Хуулийн этгээдийг татан буулгах, нэр солих, эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд хаана хандах вэ? Харьяалал харгалзах уу? Ер нь хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг улсын бүртгэлийн байгууллагын бүх нэгжээс авч болох уу?

- Хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, мэдээлэлд оруулсан өөрчлөлт, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх бол орон нутагт аймгуудын улсын бүртгэлийн хэлтэст, нийслэлд дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан бүртгүүлэх боломжтой.

Мөн E-Mongolia сайтаар хуулийн этгээдийн нэр баталгаажуулах, зарим төрлийн хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх, лавлагаа олгох, хуулийн этгээдийг татан буулгах мэдэгдэл хүргүүлэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

- Компанийн эцсийн өмчлөгч гэж хэнийг хэлэх вэ?

- Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6. “эцсийн өмчлөгч” гэж:

  • 3.1.6.а.харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;
  • 3.1.6.б.харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;
  • 3.1.6.в.хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ.

- Хувийн өмчит ААН-ийн дийлэнх нь аль нутаг дэвсгэрт бүртгэлтэй байдаг бол?

- Нийт хуулийн этгээдийн 77.5% орчим нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэчнээн үйлчилгээ цахимжаад байна вэ. E-Mongolia болон киоск машинаар үзүүлдэг үйлчилгээнүүдийг дурдвал?

- E-Mongolia сайтаар үзүүлж буй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний нэр төрлийг нэмэх, мөн сум, хороо зэрэг анхан шатны нэгжүүд, киоск машинаар зарим үйлчилгээг үзүүлж эхлэхээр төлөвлөөд байна.