Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн 6-12 дугаар ангийн 400,000 сурагчийн англи хэлний чадварыг хиймэл оюунд суурилсан технологийн дэвшлээр хурдацтай ахиулах түншлэлийг эхлүүлж байгаатай холбогдуулан төслийн удирдагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Боловсролын Ерөнхий Газартай хамтран орон даяар 400,000 сурагчид Astrid аппликэйшн платформ дээр нэвтрэх эрх нээж өгөх аж. Түүнчлэн бүх өгөгдөл мэдээллийг багш харах, түүнд суурилсан нэмэлт шийдвэрүүд гаргах, даалгавар өгөх гэх мэтээр датад суурилсан шийдвэр гаргалтуудыг хийж эхэлнэ.
Америк-Шведийн "Astrid" компанийн талаас манай улсын хүүхдүүдэд зургаан сарын хугацаанд энэхүү аппликэйшнийг хэрэглүүлэхэд нийт 17 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна.
"Дэлхий даяар боловсролын өртөг зардал илүү нэмэгдэж байгаа. Гэхдээ нөгөө талаас тэтгэлэг авах боломж маш өргөн хүрээнд байдаг. Тэгвэл тэтгэлгийг ямар тохиолдолд авдаг вэ гэвэл англи хэлтэй хүмүүс авдаг. Тиймээс англи хэл суралцах хүртээмжийг илүү сайжруулах чиглэлээр энэхүү төслийг эхлүүлж байна. Тодруулбал, ирэх зургаан сарын хугацаанд төсөл эрчимтэй хэрэгжинэ" гэдгийг төслийн удирдагч Гүрэн Академиас мэдээллийн эхэнд танилцууллаа.
Түүнчлэн англи хэлийг хоёрдогч хэлний хэмжээнд авч үзэж, ахиулж чадсан улс орнуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийнх нь орлого, амьдралын чанар эрс сайжирсан байдаг. Тухайлбал, Нидерланд, Сингапур, Герман, Австри зэрэг улс англи хэлийг хоёрдогч хэлээр судалдаг гэдгийг онцолж байв.
/Графикаас харна уу/
Мөн "Сүүлийн нэг жилийн хугацаанд "Аstrid" компанийн хүмүүстэй хэлэлцэж, яагаад Монгол Улсын сонгож энэхүү аппликэйшнийг хэрэглүүлэх ёстой вэ гэдэг дээр байнга ярьж ойлгуулахаар зүтгэж байсан. Монгол хүүхдүүдийн гадаад хэл сурах чадвар зүүн өмнөд Азийн орнууд дундаа илүү өндөр байдаг. Энэ потенциалуудыг мэргэжлийн баг олж хараад манайхыг сонгоод орж ирсэн.
Энэ төслийн хүрээнд эхний ээлжид багш нарыгаа сургана. Ирэх оны нэгдүгээр сараас сурагчдадаа astrid аппликэйшнийг хэрэглэх эрх нээх юм. Тодруулбал, 3,100 англи хэлний багш, 400,000 сурагч ашиглана" гэдгийг хэлсэн юм.
Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Монгол Улсын Засгийн газраас 2021 онд бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөрийг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор БШУ-ы сайд энэ оны А145 дугаар тушаалаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Энэ төсөл хэрэгжсэнээр ямар өөрчлөлт орох вэ гэвэл,
УИХ-д өргөн барьсан Боловсролын тухай хуульд манай улсын үндсэн гадаад хэл нь англи хэл байх тухай тусгасан байгаа. Цаашлаад дунд, ахлах ангиудын байгалийн ухааны хичээлийн хөтөлбөрийг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэж, магадгүй ахлах ангийн байгалийн ухааны хичээлийг англи хэлээр заах боломжийг бид судлахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн олон зүйлийн суурь тавигдаж байгаа учраас төр, төрийн бус байгууллагуудын түншлэл, нийгмийн хариуцлагын хүрээнд хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа" гэлээ.
Төслийн удирдагч Гүрэн Академийн Гүйцэтгэх захирал Б.Даваасүрэн "Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн боловсролын технологийн шилдгүүдтэй бид хэлэлцэж, дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Дөнгөж шинээр бий болж буй аппликэйшнийг сурагчдад хэрэглүүлэх гэж байгаа юм биш биз гэсэн асуулт байж магадгүй. Үүнд хариулахад, astrid аппликэйшн платформ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Япон улсын иргэдийн англи хэлийг сайжруулахад хүртэл тус улсын Засгийн газартай хамтарсан том байгууллага.
1990 онд ардчилсан нийгэм гараад бүх хүмүүст тэгш эрх олгоод англи хэл сурах бололцоо гарсан. Гэхдээ тэр бололцоогоо монголчууд алдчихсан. Тэгвэл одоо бид дахиад нэг гараа, нэг цэгээс эхлэх боломж байна. Нэг цэгээс эхлэх боломжийг технологи бүрүүлж байгаа. Англи хэлийг аз жаргалтай сурч болдог. Өдрийн 15-30 хан минутыг ухаалаг утсаараа дамжуулаад зөв зохистой ашиглавал хэлээ сайжруулах бололцоотой. Хот, хөдөө хаана ч үл хамаараад технологио ашиглан бүх хүүхдэд англи хэл сурах бололцоо бий. Дараа нь суралцах үйлийг хэвшүүлж, дадал болгох ёстой. Ингэж чадвал төслийн үр дүн сайн гарах боломжтой" хэмээв.
Мөн тэрбээр "Дэлхий даяар боловсролын маш том шинэчлэл, реформ хийгдэж байна. Хүүхэд болгон өөрийнхөө түвшинг мэдээд тухайн түвшнээс эхэлж суралцаж буй. Дунд шатны мэдлэгтэй хүүхдийг анхан шатны мэдлэгтэй хүүхэдтэй хамт нэг танхимд хичээл заавал дунд түвшний хүүхэд хохирно. Харин технологи ашиглах нь өөрийн түвшнээс аз жаргалтайгаар суралцаж эхлэх боломж. Хэрэв мэдэхгүй зүйл гарвал ангидаа очоод бусдаасаа асууж болно.
Ерөнхийдөө 6-12 дугаар ангийн хүүхдүүд "Би олон нийтэд яаж харагдаж байгаа бол" гэдэг айдастай байдаг. Өөрөөр хэлбэл, өсвөр насныханд маань public image их чухал. Тэгэхээр ганцаараа өрөөндөө суугаад аппликэйшнээр дамжуулан дуудлагаа шалгаж болно" гэдгийг ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|