Вагнер Группийн холбоотны амь насанд халдсан хэрэг Төв Африкийн БНУ-д гарчээ
Оросын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер Группийн эзэн Евгений Пригожиний ойрын хүн гэгддэг бизнесмэний амь насанд халдсан хэрэг Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад гарсныг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Халдлагад өртсөн Дмитрий Сытый нь тус улсын нийслэл Бангуй хотод оршдог Оросын соёлын төвийн захирлаар ажилладаг юм байна.
Тэрбээр Вагнер Групптэй холбоотой шалтгаанаар 2020 оны есдүгээр сард АНУ-ын засаг захиргааны хар жагсаалтад орж байжээ.
Вагнер Групп нь Төв Африкийн БНУ-ын засгийн газрын хүсэлтээр 1,000 гаруй хөлсний цэргийг босогчидтой тулалдуулахаар илгээсэн юм.
Дмитрий Сытый өчигдөр буюу Баасан гарагт тэсрэх бодис бүхий илгээмж хүлээж авсан тухай Вагнер Группээс мэдээлжээ.
Улмаар илгээмжийг задлах үеэр Сытыйн гар дээр бөмбөг дэлбэрсэн юм байна.
“Дмитрий Сытыйн амь нас одоо дээсэн дөрөөн дээр байна. Бангуйн эмнэлэгт Оросын эмч нар түүний амийг аврахаар шаргуу ажиллаж байгаа” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.
Пригожин мэдэгдэлдээ Сытыйг “Оросын болон Төв Африкийн эх оронч” гэж магтсан байна.
Тэрбээр бас уг халдлагын цаана Франц улсын тусгай албад байж болзошгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Вагнер Групп нь Африкийн орнуудад Москвагийн нөлөөг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагаа нь Африкийн хуучин колоничлогч гүрнүүдийн ашиг сонирхолтой зөрчилддөг.
Гэхдээ Франц улсын гадаад хэргийн яам Сытыйн халдлагатай холбоогүйгээ өчигдөр мэдэгдсэн байна.
Төв Африкийн БНУ нь Францын колони байсан юм. Тус улсын ерөнхийлөгч Фаустин Арканж Тодера 2018 онд Францын цэрэг тус улсаас гарсны дараа босогчидтой тэмцэх зорилгоор Вагнер Группээс тусламж хүсэж байжээ.
Францын цэрэг гарсны дараа Африкийн өөр нэг улс Малид бас Вагнерын хөлсний цэргүүд үүрэг гүйцэтгэж, исламын экстремистүүдтэй тулалдах болсон юм.
Пригожин хөлсний цэргүүдээ Африкт илгээхээс гадна троллын армиа Африкийн орнуудын иргэдийн үзэл бодолд нөлөөлөх зорилгоор ажиллуулдаг гэсэн мэдээлэл бий.
Ингэхдээ Өрнөдийн орнуудын эсрэг үзэл суртлыг эдгээр улсуудын нийгэмд түгээдэг байна.
Вагнер Групп одоо Украины дайнд чухал үүрэгтэй оролцож байгаа. Үүний улмаас Пригожиний нэр нөлөө Кремльд маш их нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий.
Баруун Африкийн Буркина-Фасо улс бас Вагнер Группээс хөлсний цэрэг авахаар ярилцаж байгаа тухай хөрш Гана улсын ерөнхийлөгч Нана Акуфо Аддо саяхан хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
