Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярдаваа: Өрхийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 7% өссөн нь цар тахлын үеийнхээс давсан өндөр үзүүлэлт болж байна

Т.Буяндэлгэр, iKon.mn
2022 оны 12 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа Хөдөлмөрийн зах зээл болон өрхийн хэрэглээний өсөлтийн талаарх мэдээллийг өгөв.

Тэрбээр "Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээс авч үзвэл Хөдөлмөрийн зах зээлийн өрхийн хэрэглээ КОВИД-19 цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хүрч чадсан. Энэ нь нэг талаасаа сайн ч, нөгөө талдаа КОВИД-19 хэмээх нийтийн эрүүл мэндэд хүндрэл учруулсан хямрал, олон улсын харилцаанд үүсэж байгаа зэвсэгт мөргөлдөөн гэх зүйлс нь улс орны эдийн засгийн хөгжилд 2.5-3 жилийн алдагдлыг үүсгэсэн.

Өөрөөр хэлбэл, 2.5-3 жилийн дараа эдийн засаг үүнээс өмнөх түвшиндээ хүрч байна. Энэ хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдийг ажил эрхлэлт болон ажилгүйдлийн тоо КОВИД-19 цар тахлаас өмнө хэд байсан, цар тахлын үед хэд болж буурсан, одоо 2022 оны гуравдугаар улиралд хэд болсноос харж болно. Мөн ажиллах хүчний оролцооны түвшин яаж өөрчлөгдсөн зэрэг хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдээс харж байгаа. 

Ажиллах хүчний оролцооны түвшин(АХОТ) гэдэг нь ажил эрхэлдэг болон ажил эрхэлдэггүй, ажил хийх сонирхолтой ч ажил олддоггүй хоёр бүлэг хүмүүсийн нийлбэрээр тодорхойлогддог. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар АХОТ нийт 59.2 үзүүлэлттэй гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр сайжирсан үзүүлэлт.

2019 оны дүнтэй харьцуулбал 0.9 пунктээр бага байгаа юм. Энэ сэргэлт 2021 оноос аажмаар сэргэсээр одоогийн энэ түвшинд хүрсэн.

 Монгол Улсад нийт ажиллагсдын тоо:

  • 2019 оны эцэст 1,188,000 байсан бол
  • 2020 он буюу КОВИД-19 цар тахлын үед 1,124,000 болж буурч
  • 2021 оны эцэст энэ түвшинд буюу 1,127,000 орчимд хүрч байв.
  • 2022 оны одоогийн байдлаар 1,191,000 болсон нь ойролцоогоор 60,000 гаруй ажлын байр шинээр бий болсонтой холбоотой байна. Эндээс бид АХОТ Ковид-19 цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтээ давсныг харж байна. 

Тэгвэл ажилгүйчүүдийн тоо

  • 2019 онд 150,000
  • 2020 онд 92,000
  • 2021 оны эцэст 99,000  
  • 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 68,000 болж буурсан үзүүлэлттэй байна.

КОВИД-19 цар тахлын үед маш олон хүн ажилгүй болж, ажлын байрны хомсдол үүсэхээр ажил хайхаа больж, ерөнхийдөө эдийн засгийн идэвхгүй хүн ам руу шилжиж байсан. Энэ хандлага 2021 оноос бага зэрэг багассаар 2022 онд гол үр дүнд хүрсэн байгаа. Сүүлийн үед Хөдөлмөрийн зах зээл дээр гарсан энэ ахиц дэвшил нь өрхийн орлогод дэмжлэг болсноор эдийн засагт онцгой ач холбогдолтой үзүүлсэн. 

Өрхийн орлогод нөлөөлсөн хүчин зүйл нь:

  • КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн халамжийн бодлого
  • Ажлын байрны олдоц нэмэгдсэний үр дүнд үүссэн цалингийн орлого
  • Цар тахлын үед хэрэглээ буурч, халамж нэмэгдсэнээр хуримтлал үүссэн гэх зэрэг хамаарч байна.

2022 оны гуравдугаар улирлын байдлаар өрхийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 7%- аар өссөн. Энэ нь КОВИД-19 цар тахлын үеийнхээс давсан өндөр үзүүлэлт болж, нийт эдийн засгийн өсөлтөд 4.9% нэгжийн эерэг нөлөө үзүүллээ.

Учир нь өрхийн хэрэглээ нийт эдийн засгийн зардал талын үзүүлэлтийн 50-60%-ийг бүрдүүлж байдагт оршино. Үүнтэй зэрэгцээд өрхийн хэрэглээ нэмэгдэхийн дарамт эдийн засагт гардаг. Тухайлбал, цар тахлын хөл хорионы үед хэрэглээ хязгаарлагдмал байсан бол 2022 онд үзвэр үйлчилгээ, аялал зугаалга хэвийн түвшинд хүрч удаан эдэлгээтэй бараа болох электрон бараа, гар утас, компьютер, авто машин гэх мэт импортын бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн. Энэ нь төлбөрийн зах зээл дээр импортын том зардлыг үүсгэдэг" гэв.