СУДАЛГАА: Эрдэнэтийн ус хамгийн чанартай бол Говь-Алтай аймгийн төвөөс стандартад нийцсэн ус олдоогүй
"Монгол Улсын ундны усны чанарын судалгааны үр дүнг хэлэлцэх нь” уулзалт өнөөдөр Милленниум плазад боллоо.
Энэхүү судалгаанд Монгол Улсын 21 аймгийн 360 сум, суурин газар, хилийн боомт, Улаанбаатар хотын есөн дүүрэг, төмөр зам дагуух 128 өртөө, зөрлөг, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн гүний худаг, уст цэг хамрагдаж судалгааны ажилд зориулж 3,582 сорьц авсан байна.
"Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалахын тулд усны чанарт онцгой ач холбогдол өгөх ёстой"
2019-2022 оны хооронд хийсэн ундны усны судалгааны талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь дараах мэдээллийг өгөв.
Ундны усны микро элементүүдийн судалгааг хийж, 88 үзүүлэлтийг нь шинжилсэн. Судалгааны хүрээнд,
- Нэгдүгээрт, нян бактери болон бохирдлыг үзсэн.
- Хоёрдугаарт, тухайн бүс нутгийн усны найрлагын стандарт хэмжээг харьцуулж судалсан.
Үүнээс харахад ундны усан дахь зарим элемент стандарт хэмжээнээс хэтэрсэн, буурсан үзүүлэлт ажиглагдлаа.
Бидний өдөр тутамдаа ууж, хэрэглэж байгаа ус чанарын шаардлага хангасан тохиолдолд монголчууд эрүүл байх боломжтой. Бодисын солилцооны өвчин, эрдсийн дутагдал эсвэл илүүдэл зэрэг нь ундны усны стандарттай шууд холбоотой гэдгийг тэрбээр ярьж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




