Хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар явж байсан эмэгтэйн толгой руу танихгүй эмэгтэй алхаар цохиж хагалсан гэх бичлэг тараад байна.
Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад "Дээрх үйл явдал нь энэ оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутагт байрлах цэцэрлэгт болсон. Мөн хохирогчийн толгой руу цохисон зүйл нь алх биш бөгөөд тус хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэв.
Түүнчлэн хэрэг үйлдсэн 22 настай эмэгтэй нь хохирогчийн толгой руу индүүгээр цохиж гэмтээсэн нөхцөл тогтоогдсон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Тэрбээр "Тухайн эмэгтэй нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг тул цагдаагийн алба хаагчид эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Одоогоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн болон мэргэжлийн байгууллагын шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!