Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөрт найман аяга ус уухыг “хэтэрхий их” гэж судлаачид дүгнэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хүн өдөрт найман аяга буюу хоёр литр ус уух нь эрүүл мэндэд тустай гэсэн түгээмэл ойлголт байдаг.

Тэгвэл Их Британийн Абердиний их сургуулийн хэсэг эрдэмтэд үүнийг хэтэрсэн хэрэглээ гэж дүгнэжээ.

Тухайлбал хүн өдрийн усныхаа хэрэгцээний зарим хэсгийг хоол хүнснээс авдаг тул ус уух бодит хэрэгцээ нь 1.5-1.8 литр орчим гэж тооцоолсон байна.

Судалгааны тайлан энэ долоо хоногт “Science” сэтгүүлд нийтлэгджээ.

“Хоёр литр ус өдөрт уух тухай анхны тооцоо бага зэрэг алдаатай. Бидний өдөрт уух ёстой усны хэмжээг тодорхойлохдоо биед хэрэгцээтэй нийт усны хэмжээнээс хоол хүнснээс авдаг усыг хасаж тооцох ёстой. Тиймээс өдөрт хэр их хоол хүнс иддэгээс хамаараад хүн бүрийн ус уух хэрэгцээ өөр өөр гарна. Хүмүүс өдөрт хэр их хоол хүнс хэрэглэдгээ сайн мэддэггүй тул уух усны хэмжээгээ нэг бол хэтрүүлдэг, нэг бол дутуудуулдаг” гэж Абердиний их сургуулийн профессор Жон Спикмэн хэвлэлд ярьсан байна.

Түүний ахалсан эрдэмтдийн баг хүний биеийн усны хэрэгцээг нарийн хэмжихийн тулд изотопын техникийг ашиглажээ.

Судалгаандаа тэд дэлхийн 23 орны найм хоногтойгоос 96 хүртэл настай 5,604 хүнийг хамруулсан байна.

Үр дүнд нь хүн бүрийн усны хэрэгцээ байгаль орчин, амьдралын хэв маяг, нас зэргээс хамааран харилцан адилгүйг тогтоожээ. Тухайлбал халуун, чийглэг уур амьсгалтай болон өндөрлөг газар нутагт амьдардаг хүмүүс, тамирчид, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн усны хэрэгцээ илүү өндөр байдаг байна.

Бас хүний наснаас усны хэрэгцээ хамаарч байжээ.

Тухайлбал 20-35 насны эрчүүдийн өдрийн усны нийт хэрэгцээ хамгийн өндөр буюу 4.2 литр юм байна. Нас ахих тусам энэ нь буурсаар 90 настай эрчүүдэд дунджаар 2.5 литр болж байжээ.

Эмэгтэйчүүдийн хувьд 20-40 насныхны хэрэгцээ хамгийн өндөр буюу өдөрт 3.3 литр байснаа 90 насанд хүрэхэд 2.5 литр болон буурсан байна.

Гэхдээ энэ нь өдөр тутам уух ёстой усны хэмжээ биш юм.

“20 настай эрэгтэй өдөрт 4.2 литр усны хэрэгцээтэй гэдэг нь өдөр бүр ийм хэмжээний ус уух ёстой гэсэн үг биш. Үүний 15 орчим хувь нь арьсны гадаргын ус солилцоо, бодисын солилцоо зэргээс бүрддэг. Өдөрт уух ёстой усны хэмжээг эндээс тооцвол 3.6 литр болно. Ихэнх хоол хүнс ус агуулдаг тул зөвхөн идэх замаар бид хангалттай хэмжээний ус авдаг. Өдөрт хоёр литр ус уух нь ихэнх тохиолдолд, ихэнх хүмүүст хэтэрхий их хэмжээ болохыг манай судалгаа харуулж байна. Өөрөөр хэлбэл “бүгдэд нэг хэмжээг тулгах” бодлого буруу гэж дүгнэлээ” гэж профессор Спикмэн хэлжээ.

Хийсэн судалгаа нь бас ирээдүйд усны нөөцийг арвилан хэмнэхэд чухал ач холбогдолтой гэж тэр дүгнэж байна.

“Цэвэр ус үнэгүй зүйл биш. Хэрвээ хүн бүр дунджаар хэрэгцээнээсээ хагас литр ус илүү уудаг гэвэл Британийн 40 сая насанд хүрэгчээр тооцоход л бид өдөр бүр 20 сая литр усыг дэмий ууж, шээс болгон гадагшлуулж байна гэсэн үг. Энэ бол буруу хэрэглээний өртөг юм” гэж профессор тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BBC