Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Squid Game” цувралын жүжигчин бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нэтфликсийн “Squid Game” цувралын гол дүрийн жүжигчин О Ён Суг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан тухай Өмнөд Солонгосын шүүхийн эх сурвалж өчигдөр мэдэгджээ.

78 настай жүжигчнийг 2017 онд нэг эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрч, зохисгүй ааш авир гаргасан гэж прокурорууд үзэж байгаа юм байна.

Харин О Ён Су үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Энэ оны эхээр О Ён Су дэлхий даяар хит болсон Нэтфликсийн цувралд бүтээсэн дүрээрээ Алтан Бөмбөрцөг наадмын шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн нь Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хувьд анхны тохиолдол болж байв.

Хохирогч эмэгтэй өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх удаа ахмад жүжигчний нэр дээр цагдаад гомдол гаргаж байжээ.

Гэвч энэ оны дөрөвдүгээр сард хэргийг хаасан юм байна.

Харин энэ удаа хохирогчийн хүсэлтээр хэргийг дахин шалгаснаа прокурорын байгууллага мэдээлжээ.

Прокурорын дүгнэлт гарсны дараа Өмнөд Солонгосын соёлын яам О Ён Сугийн оролцсон засгийн газрын сурталчилгааг нийтэд цацахаа зогсоосон байна.

“Squid Game” цувралд өрөнд баригдсан хүмүүс өндөр шагналын төлөө үхлийн тоглоомоор өрсөлдөж буй тухай үйл явдлыг үзүүлдэг юм.

Жүжигчин О Ён Су энэ өрсөлдөөний 001 дугаартай хамгийн ахмад оролцогчийн дүрийг бүтээж байжээ.

 

Эх сурвалж: BBC