"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг удахгүй Засгийн газар хэлэлцэнэ" гэдгийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэллээ.
Тэрбээр, өчигдөр АТГ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр "Цаашид Дархан цаазат газарт хууль бус буюу зориулалтын бусаар газар ашиглаж, барилга барьж байгаа асуудалд ямар арга хэмжээ авах вэ" гэсэн асуултад дараах хариултыг өгсөн юм.
С.Магнайсүрэн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах асуудал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд энэ нь одоогоор БОАЖЯ-ны эрх хэмжээний зүйл байна.
Мөн тусгай хамгаалалттай газар нутагт ямар хэмжээний газрыг, ямар иргэн, ААН ашиглаж байгаа болон тухайн газар ямар кадастрын зурагтай болох нь манай газрын мэдээллийн сангийн бүртгэлд байдаггүй. Манай яам болон БОАЖЯ хоёр талаас энэ мэдээллийг нийлүүлэхээр зөрдөг асуудал гардаг.
Тухайлбал, Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт хилийн гурван бүс байдаг бөгөөд Төв аймаг, нийслэл болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны барьдаг тоо нь давхацчихсан.
Мөн отог эсвэл аялал жуулчлалын зориулалтаар ашиглах ёстой газарт орон сууцнууд босож, өнөөдөр үл хөдлөхийн гэрчилгээ нь байгаа эсэх нь эргэлзээтэй тэдгээр барилгуудад иргэд хөрөнгө оруулж, худалдаад авчихсан нь үнэн. Ийм асуудлуудыг цэгцлэхийн тулд Газрын багц хуульд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулан хэлэлцэх замаар шийднэ.
Энэ хуулийн хүрээнд БОАЖЯ дангаараа шийдэхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар 15 жилийн хугацаатай баталж, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу ашиглах эрх нь зөвхөн дуудлага худалдаагаар газрын биржээр орж л олгогддог болно.
Харин дуудлага худалдаагаар ялагчид нь БОАЖЯ-тай гэрээ байгуулах замаар ашиглана. Энэ бүх мэдээлэл нь манай мэдээллийн санд ордог болох юм.
Ингэж Газрын хуулиар уг асуудлыг бодлогын хувьд шууд шийдэх шийдлээ оруулчихсан. Одоогоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл нь БОАЖ-ын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Барилга хот байгуулалтын сайд хамтран үзэл баримтлалыг нь баталсан бөгөөд УИХ-д Газрын багц хуультай хамт хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнийг Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар ярих байх" гэв.
Дээрх гурван сайдын үзэл баримтлалаар, Богдхан уулын орчимд одоо нэгэнт бий болчихсон байгаа барилгажсан хэсгийг ашиглалтын бүс л гаргаж зохицуулахгүй бол нэгэнт баригдсан энэ их хөрөнгийг яаж ч чадахгүй түвшинд байгаа асуудлыг хөнджээ. Одоогийн байдлаар хуулийн заалтаар тухайн хэсэгт орон сууц барих боломжгүй зохицуулалттай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!