Санхүүгийн зохицуулах хороо(СЗХ)-ноос санхүүгийн салбарын энэ оны гуравдугаар улирлын тоймыг өнөөдөр танилцуулсан билээ.
Энэ үеэр үл хөдлөх хөрөнгө зуучлалын болон үнэт эдлэлийн салбар зохицуулалттай болсноор гарч буй үр дүнгийн талаар СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамцаас тодрууллаа.
- Энэ оны гуравдугаар улирлын тус хоёр салбарын тухайд зарим тоон мэдээллээс хуваалцахгүй юу?
- Давхардсан тоогоор үл хөдлөх хөрөнгө зуучлалын 295 байгууллага нийт 5,446 хэлцлээр 1.4 сая м2 талбай, 930.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлсэн. Нийт 3,304 хэлцлээр 300.1 мянган м2 талбай, 88.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээсэлсэн байна.
Харин үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид гуравдугаар улирлын байдлаар 213.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулж, 216.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.
И-баримтын мэдээгээр үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 410 иргэн, хуулийн этгээд нийт 24,830 бүтээгдэхүүнийг 5.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна.
- Манай улс Саарал жагсаалтаас гарахад үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчдийг СЗХ өөрийн зохицуулалтдаа авч байсан нь нөлөөлсөн гэж үздэг. Тус хоёр салбарын нөхцөл байдал ямар байна вэ?
- ФАТФ-ын шаардлагаар Монгол Улсад санхүүгийн бус бизнесийн салбар эрсдэлтэй гэж үзсэн. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар нь өндөр дүнтэй арилжаа хийгддэг бөгөөд тайлагнах, хяналт тавих холбоотой харилцаа дутмаг байна гэж үзээд Монгол Улсад 2019 онд зохицуулалттай болох шаардлага тавьж байсан.
2020 оны нэгдүгээр сарын 17-нд СЗХ-ны Эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орж, энэ хоёр салбарыг санхүүгийн зохицуулах хороонд бүртгэж, хяналт тавих үүрэг ногдуулсан. Үндсэндээ 30 гаруй жил тусгай зөвшөөрөл, зохицуулалтгүй явж ирсэн үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар СЗХ-ны зохицуулалтад ирсэн.
Зохицуулалттай болсны үр дүн бол ФАТФ-ын Саарал жагсаалтаасаа гарч чадсан явдал байсан.
- Энэ хоёр салбарын цаашдын нөхцөл байдлыг СЗХ-ны хэрхэн харж байгаа вэ, мөн юунд анхаарах вэ?
- Цаашид мэдээлэх, тайлагнах үүргийн хэрэгжилт тогтмол хангагддаг тогтолцоо болох ёстой. Үүний хүрээнд хорооноос гурван чиглэлээр ажлаа явуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!