“Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалтын үеэр ХСҮТ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Ц.Уранчимэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Олон улсын байгууллагаас хавдартай хүмүүсийн дор хаяж 50 орчим хувь нь туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөдөг. Жилд 6,000 орчим хүн шинээр оношлогддог. Одоогийн 1,000 орчим туяа эмчилгээ хийгдэж байна. Хоёр шинэ шугаман хурдасгуур суурилагдсанаар туяа эмчилгээний хүртээмж 25 хувиар нэмэгдсэн. Гэхдээ энэ чиглэлийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай.
Манай хүн амтай харьцуулахад хамгийн багадаа дөрвөн шугаман хурдасгууртай байж туяа эмчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх боломж бий. Засгийн газрын дэмжлэгтэйгээр сүүлийн үеийн нэг ийм техник технологи нэвтрүүлэх гэж байгаа. Сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай туяа эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эдгээр шинэ технологи 2023, 2024 онд эмчилгээнд нэвтэрнэ.
Иргэд өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ хийлгэх гэж гадаадын орныг зорих урсгалыг багасгах, бүрэн зогсоох боломжтой болно. Туяаны эмч, техникч, сувилагч зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн эмчилгээ явагддаг. Одоогоор 10 туяаны эмч, есөн техникч, дөрвөн эмнэлгийн физикч ажиллаж байна. Шинээр суурилагдах шугаман хурдасгуурыг дагаад хүний нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Байд онилсон туяа эмчилгээг тархи, элэг, уушги гэх мэт хавдарт дараа жил хийж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор ирэх оноос долоо хоногийн бүрэлдэхүүнтэй багийг Японд сургана. Эхний эмч сургалтад хамрагдахаар тус орныг зорьсон" гэв.
Ирэх онд хийх ажлуудын талаар тэрбээр "Ойрын таван жилийн хугацаанд баруун бүсэд туяа эмчилгээний нэгж байгуулах төсөл бичээд явж байна. ХСҮТ-ийн одоогийн барилга тусламж үйлчилгээ үзүүлэх, шинэ технологи нэвтрүүлэхэд хүрэлцэхгүй байгаа. Ирэх онд ХСҮТ-2 салбар эмнэлгийг Баянзүрх дүүрэгт туяа эмчилгээний төвтэй, 600 ортойгоор барихаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Иргэд хэзээ ямар шинжилгээ өгөх вэ гэдэг талаар сайтар мэдээлэлтэй байх хэрэгтэй" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!