Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаар Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хурлаар сүүлийн үед Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт дордож байгаа асуудалд дорвитой арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөх саналыг Засгийн газарт хүргүүлсэн юм.
Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн НҮБ-ын конвенцид нэгдэн орсон байдаг ч энэхүү конвенц тэдний амьдралд төдийлөн сайн хэрэгждэггүй болохыг хурлын үеэр дурдлаа.
108,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 50 орчим хувь нь нийгмийн халамжийн тэтгэмжээр амьдардаг байна. Тэдний нийгмийн халамжийн тэтгэмж нь 188,000 төгрөг байдаг бөгөөд Цар тахлын үед 100,000 төгрөгөөр нэмэгджээ. Гэвч энэхүү нэмэгдэл нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл олгогдох юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны төлөөлөгч "Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ТББ-ууд нэгдэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороог байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа тавьсан боловч дорвитой хийсэн зүйл байхгүй.
Мөн 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн чухал ач холбогдолтой зүйл заалтууд хэрэгжихгүй байна. Тиймээс Засгийн газарт энэхүү хуулийн чухал заалтуудыг хэрэгжүүлж ажиллах саналыг хүргүүлж байна.
Дарга нар бүх зүйл хэвийн болчих юм шигээр асуудалд ханддаг. Гэвч бодит амьдралд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхцөл байдал маш хүнд байна. Иймд бид төрийн гурван өндөрлөг болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад дараах саналуудыг хүргүүлж байна. Үүнд:
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэмжийг 450,000 төгрөг болгон тогтоож, 2023 оны улсын төсөвт тусгаж өгөх
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25.2-т "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжийн, түрээсийн, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын жил бүрийн төсөвт тусгана" гэж заасны дагуу 2023 оны улсын төсөвт шаардагдах хөрөнгийг тусгаж хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж өгөх
3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд шилжүүлж салбар дундын зохицуулалт хийнэ ажиллах боломж, нөхцөлөөр хангах.
Эдгээр ажлуудыг шийдвэрлэж бид бүхэнтэй хамтран ажиллана хэмээн найдаж байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|