Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер компанийн байранд Илон Маск угаалгын өрөөний тосгууртай зочлов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск өчигдөр Твиттер компанийн Сан-Франциско дахь төв байранд зочилсон байна.

Ингэхдээ тэр угаалгын өрөөний тосгуур өргөж иржээ.

Энэ нь ямар учиртай үйлдэл болохыг тэр тайлбарлаагүй байна.

Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авах саналыг Маск тавиад зургаан сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа.

Өнгөрсөн хугацаанд наймаа бодитой хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байсан юм. Твиттерийн бодитой хэрэглэгчийн тоо цөөн, багагүй хэсэг нь хуурамч бот хэрэглэгч гэсэн үндэслэлээр тэр наймаанаасаа буцах тухай явцын дунд мэдэгдэж байв.

Харин Твиттер компанийн хувь эзэмшигчид Маскийг амласандаа хүрэх ёстой гэж үзээд шүүхэд хандсан юм.

Энэ сарын эхээр Делавар мужийн шүүх түүнд энэ сард багтаан Твиттерийг худалдаж авах, эсвэл шүүхээр орох хоёр сонголтыг тулгаж байжээ.

Хэрвээ шүүхэд дуудагдахгүй гэвэл Маск энэ долоо хоногийн Баасан гарагт Твиттерийн наймаагаа дуусгах ёстой.

Сүүлийн өдрүүдэд түүнийг Твиттерт төлөх бэлэн мөнгө бүрдүүлэхээр хөрөнгө оруулагчид, банкнуудтай уулзаж байгаа гэсэн мэдээлэл тараад байна.

Өчигдрийн үйлдлээс нь харвал Маск наймаагаа дуусгахаар шийдсэн бололтой. Твиттерийн төв байранд ирэхээсээ хэдхэн цагийн өмнө тэр өөрийн твиттер хуудасны танилцуулгыг “Chief Twit” болгон өөрчилсөн юм.

 

Эх сурвалж: Business Insider