Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотод болж өнгөрсөн Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурлын нэг дуулиан нь тус улсын экс удирдагч Ху Жинтаог чуулганы танхимаас албадан гаргасан явдал байв.
Бямба гарагт болсон энэхүү учир битүүлэг үйл явдлын талаар олон хувилбар таамаг яригдаж байсан. Хятадын төв мэдээний агентлаг Шиньхуа сүүлд тайлбарлахдаа 79 настай Ху Жинтаогийн бие муудсан тул амраах зорилгоор дагуулж явсан гэсэн юм.
Тэгвэл энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа Channel News Asia суваг Ху Жинтаог танхимаас гарахын өмнөх үйл явдлыг харуулсан дүрс бичлэгийг тараажээ.
Уг бичлэгт харуулснаар Ху Жинтао хажуудаа суусан Ли Жаншутай хурлын бичиг баримтын талаар маргалдаж байсан байна.
Тэдний маргааныг хөндлөнгөөс харж суусан Ши Жиньпин албаны хүнд ямар нэг заавар чиглэл өгсний дараа Ху Жинтаог танхимаас гаргажээ.
Ху Жинтао нь 2003-2013 оны хооронд БНХАУ-ын даргын албыг хашиж байгаад Ши Жиньпинд эрх мэдлээ шилжүүлсэн хүн юм.
Хэдийгээр биеийн байдал сайнгүй байсан ч Ху Жинтао намын хурлын хаалтын чуулганд оролцох хүсэлт гаргасан тухай Шиньхуа мэдээлж байв.
Хятадын өмнөх удирдагчдаас амьд сэрүүн байгаа бас нэг хүн болох 96 настай Жань Зэнмин намын их хуралд огт оролцоогүй өнгөрсөн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!