Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын ерөнхийлөгч асан Ху Жинтаог чуулганы танхимаас албадан гаргажээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хятадын Коммунист Намын 20 дугаар бүгд хурал Бээжин хотод үргэлжилж байна.

Өнөөдрийн чуулганы үеэр танхимаас тус улсын ерөнхийлөгч асан Ху Жинтаог албадан гаргасан нь ховор сонин үзэгдэл болжээ.

79 настай Ху Жинтао одоогийн ерөнхийлөгч Ши Жиньпиний дэргэд сууж байсан бөгөөд албаны хүмүүс түүнийг суудлаас нь босгон дагуулж гарсан байна.

Энэ үеэр тэр Ши Жиньпинд ойртож ямар нэг зүйл хэлэхэд хариу толгой дохисон юм.

Яагаад түүнийг чуулганы танхимаас албадан гаргасан талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Ху Жинтао нь 2003-2013 оны хооронд БНХАУ-ын даргын албыг хашиж байсан хүн юм.

Өнөөдөр өглөөний хуралдаанаар Хятадын Коммунист Намын төв хорооны 200 шинэ гишүүнийг томилсон.

Маргааш намын бүгд хурал хаалтаа хийж, 69 настай Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацааг батлах юм. Тэр маргааш бас засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ танилцуулна.

Ингэснээр Ши Жиньпин нь Мао Зэдунээс хойш төрөн гарсан Хятадын хамгийн хүчирхэг удирдагч болох гэж байна.

Эх сурвалж: BBC