Баянхонгор аймгийн Баацагаан, Шинэжинст, Баян-Өндөр гэсэн гурван сум нар салхи хосолсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тодорхой цагт эрчим хүчээр хангагдаж байгаа билээ.
Эдгээр сумдыг тогтмол цахилгаанаар хангахаар нэгдсэн цахилгаан дамжуулах шугам сүлжээтэй холбох ажлыг эхлүүлээд багагүй хугацааг үдэж байна.
Одоогийн холболтын ажлыг Ойгон нуур компани тендерт ялан авсан хэдий ч товолсон хугацаандаа ажлаа дуусгаагүй байна.
Өнгөрсөн намар Ерөнхий сайдыг ажил байдалтай нь танилцахаар очих үед энэ оны 12 дугаар сарын 15 гэхэд хүлээлгэж өгнө гэж байсан ч товолсон хугацаандаа хүлээлгэж өгөөгүй юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сая очих үед 1-р сарын 20 гэхэд хүлээлгэн өгнө хэмээн Ойгон нуур компанийн гүйцэтгэгч Вива Ланд компанийн инженер Б.Лхагвасүрэн хэлээд, ажил удааширсан шалтгааныг материал хил гааль дээр саатаж байгаагаас болж байна гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат 1-р сарын 20 буюу сар шинээс өмнө сумын иргэдийг тог цахилгаантай холбож өгөхгүй бол тус компанийг Авилгатай тэмцэх газарт өгч хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг сануулаад, ажлаа түргэвчлэхийг үүрэг болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!