ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Даргын дамжаа

ikon.mn
2022 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүрэг.

Цэцэрлэгийн багш “Өнөөдөр бүгдээрээ ангийн даргаа сонгоно. Хэнийг ангийн дарга болгох вэ” гэж асуухад хүүхдүүд “Багш аа, би дарга болъё, би дарга болъё” хэмээн хүүхдүүд гараа өргөн шуугилдав.

Баянзүрх дүүрэг.

Бага ангийн багш “Манай ангийн дарга өөрийн саналаар больж байна. Өнөөдрөөс бүгдээрээ ангийн даргагүй болж байгаа учраас оронд нь салааны дарга сонгоё” гэж хэлэхэд хүүхдүүд шуугилдав. Хичээл тарсны дараа А “Хоёулаа байр луугаа хамт явъя” гээд хүрч ирэхэд Б гайхаж “Чи надтай хамт явахгүй гэдэг биз дээ” гэж асуувал А “Чамайг ангийн дарга гэж бодохоор дургүй хүрээд байдаг байсан юм” гэж хариулжээ.

Сонгинохайрхан дүүрэг.

Дунд ангид хичээл орж байлаа. “Р гараад энийг самбарт бичиж бай. Багш нь түр гарчхаад ирье. Та нар самбарт бичсэнийг хуулж бичээрэй” гэж хэлээд багшийг ангиас гармагц сурагчид шуугилдаж эхлэв. Эхний хоёр цагийн химийн хичээл тасалсан ангийн дарга, ар талынхаа хүүхэдтэй ярьж байхыг хараад Р “Ангийн дарга аа, ядаж өөрөө хичээлээ бичээч, ичээч” гэж хэлэхэд ангийн дарга уурлан, ангиас гарч явлаа. Түүний найзууд Р лүү уурлан, хэл амаар дайраад, ангийн даргын араас гарав. Удалгүй нэг нь Р-ыг дуудлаа. Р-ыг ангиас гарахад, ангийн дарга, найзуудтайгаа, дээд ангийн хоёр атаман охинтой хамт зогсож байв. Р тэднийг хараад зугтжээ.

Чингэлтэй дүүрэг.

Нийгмийн ажилтан ангид орж ирээд, ангийн дарга байсаар байтал П гэдэг хүүг хөвгүүдийн даргаар тавьчхаад гарав. Үргэлж хүүхэд дээрэлхэн, ангийнхаа охидыг доромжилж, хөвгүүдийг занаж, зодож явдаг тэр хүүг дарга болгосонд бүгд гайхаж, бас дургүйцлээ. Тэр хүүг ангийн багш нь хүмүүжүүлэх зорилгоор өмнө нь ангийн даргаар тавьсан ч засраагүй ажээ. Гэтэл дахиад дарга болгочих нь тэр. Ингэж энэ анги хоёр даргатай болов.  

Хан-Уул дүүрэг.

Сургуулийн ахлах ангийн сурагчид багш нарын баяраар ангийн багшдаа бэлэг авч өгөх тухай чааталцгаана.

Ангийн дарга: -5,000 төгрөг хураая. Бүгд мөнгөө өнөөдрийн дотор өгөөрэй.

1-р сурагч: Хичээл ороод сар болоход зөндөө мөнгө хураачихлаа. Одоо дахиад 5,000 гэхээр бүгд өгч чадах юм уу? Хүүхэд бүрээс 2,000, бүр 1,000-ыг хураасан ч болно. Тэгвэл бүгд өгөх юм биш үү? Бусдыгаа бодооч ээ.

Ангийн дарга: Чамд ямар хамаатай юм?

1-р сурагч: Би саналаа хэлж болохгүй болчихсон уу?

Ангийн дарга: Одооноос тэгвэл больчих.

2-р сурагч: Зөв ш дээ. Дахиад яаж эцэг эхээсээ мөнгө авах юм бэ?

Ангийн дарга: Танай эцэг эх л өгч чадахгүй юм байгаа биз. Бусад нь өгнө, за!

3-р сурагч: Ангийн дарга мэдэж байгаа, за!

1-р сурагч: Тамирын хувцас жигдэлнэ гээд 45 мянга, фондны 5,000, цэвэрлэгээний 10 мянга, принтерийн 20 мянга гээд бод л доо. Найрал дууныхан гэхэд хувцасны 40 мянга бас авсан.

4-р сурагч: Аанхаан.

Ангийн дарга: Ангийн дарга болсноос хойш би чамайг их анзаарсан шүү. Би больчих уу, чи дарга болох юм уу.

Эдгээр явдал саяхан болсон юм. Танд ямар нэг юм бодогдож байна уу. Бид даргад дуртай. Даргад бол дургүй л дээ, дарга болох дуртай. Яагаад ч юм бүгд дарга болох дуршил ихтэй.

Өнөөдөр цэцэрлэгээс авхуулаад ерөнхий боловсролын сургуульд энэ гажуудал уламжлагдаж, хүүхдүүдийн дунд ямар нөхцөл байдал үүсгэж байгааг дээрх жишээнүүд харуулж байгаа юм.

Соц нийгэмд дарга гэж данагар нөхөр байлаа. “УАЗ 469” машинаас бүдүүн гэдэстэй, том ширэн цүнхтэй нөхөр бууж ирээд “Нөхөр минь, чи” гээд л хүн загнана. Түүнээс бүгд айна. Тал талд нь гарч тал засна. Тусгай дэлгүүрээр үйлчлүүлж, тансаг юм хэрэглэнэ ээ. Харсан хүн нууцхан атаархана, бас дургүйцнэ. Дэлгүүрт ирсэн ганц хүүхэлдэйг дарга авчихаар хүүхэлдэйгүй хоцроод хүүхдээ уйлуулж суугаа хүмүүс дургүйцэхгүй яах юм. Даргын хүүхэд хүүхэлдэйтэй, ардын хүүхэд нулимстай. Хүүхэлдэйгүй хоцорсон хүүхэд “Том болоод заавал дарга болно доо” гэж өөртөө тулган шаардана.

Зах зээлийн үед дарга нар улс орны өнгөтэй өөдтэй бүхнийг өмчилж аваад, үлдсэнийг нь төмрийн хог болгоод, урагшаа ачуулчихсан. Дарга гэртээ өнгөт зурагт үзээд, эрээн хивсэн дээр өөхтэй мах огтолж суухад ард түмэн картын бараандаа алалцаж, талханд очерлосон хүүхэд амиа алдаж байлаа. Өлсгөлөн ходоодтой жаалууд тэр үед “Захирал болно доо” гэж өөртөө шаардлага тавьсан.

Өнөө үед дэлгүүрийн лангуу дүүрсэн ч дарга болох дуршил дарагдсангүй. Хэлд бүрэн ороогүй жаал хүртэл дарга болох хүсэлтэй. Дарга гэж ямар хүн байдгийг мэдэхгүй мөртлөө ангийн дарга болно гэнэ. Эцэг эхээ даргалдаг шигээ ангидаа бас даргална гэнэ. Дарга болохыг мөрөөдөж өссөн багш нар салаан дарга, ариун цэврийн дарга, ангийн дарга гэх зэргээр хүүхдүүдийг өөгшүүлнэ. Нусаа ч арчиж сураагүй жаалууд ариун цэврийн дарга болоод л. Алдхан биеэ авч явж чадахгүй хүүхдүүд ангийн дарга болохоор алалцаад л. Үнэхээр гайхмаар.

“Дарга болох сайхан уу” гэж хүүхдүүдээс асуухаар “Сайхан” гэж хариулж байна. “Юу нь сайхан юм бэ” гэхээр “Баян болох нь” гэж байдаг шүү. Дарга болж байж л далай шиг баян болдог гэж хүүхдүүд ойлгожээ. Өчигдөр цүнх барьж явсан нөхөр өнөөдөр дарга болчихсон тухай биширмээр үлгэрийг томчууд үргэлж ярьдаг. Одооноос цүнх барьж сураад, бушуухан дарга болох хүслийг өдөөгчид нь томчууд бид өөрсдөө. Цэцэрлэгээс нь эхлээд, оюутны ширээнээс бостол бүх шатанд даргын дамжаа хичээллэж байна. Багш нар ажлаа хүүхдэд ацаглан, даргын ажил хийлгэж өөгшүүлнэ. Өнөөдүүл нь багшдаа тоогдсондоо омойтож, багшийг орлох гэж зүдэрнэ. Ангийн багшийн эзгүйд ангийн дарга томорно. Зөв шаардлага тавьсан, санал бодлоо хэлсэн нэгнийгээ “Дарга болохоор санаархдаг. Миний албан тушаалыг булаахыг хүсдэг” гэж хардана.

Сургуульд даргын дамжаатай зэрэгцээд өөр нэг дамжаа хичээллэдэг. Дарга болж чадаагүй ч дарга болох дуртай нэг хэсэг нь даргыгаа тойрон хүрээлж, хэлсэн бүхнийг нь дэмжин, хийсэн бүхнийг нь өөгшүүлнэ. Ингээд өнөө цүнх баригчид бий болно доо. Даргын дамжааг дагаад, цүнх баригчийн дамжаа аяндаа бий болж байгаа юм. Ерөнхий эрдмийн хичээлд ер гавьдаггүй атлаа долигонох, далдаганах эрдэмд онцгой суралцана гээч.  

Цалинг нь авч, орон тоог нь бөглөж байгаа хойно ажлаа багш нар хэзээд өөрөө хийдэг бол ийм гажуудал гарахгүй байлаа. Дарга болсон хөөрхий хүүхдүүд ч бусдыгаа удирдах гэж зүдрэхгүй. Үймүүлж бужигнах насандаа яваа хүүхдүүд нэгнийхээ үгэнд орно гэж гонжийн жоо. Багшийг хараад чимээгүй болж, томчуудыг хараад томоотой суудаг болохоос хүүхдийн үгэнд ордог хүүхэд гэж хаана ч байдаггүй юм. Би өөрөө хүүхэд байсан болохоор мэднэ. Та ч бас хүүхэд байсан учраас мэдэх л байлгүй.

Ангийн дарга гэж онц сурлагатан бидний үед байлаа. Дунд ангид ороход, онц сурлагатай нь биш, оройлох чадвартай нь ангийн дарга болсон. Даргаа бид дундаасаа өөрсдөө нэр дэвшүүлж, сонгосон. Ялгаатай нь, би дарга болъё гэж өөрийнхөө нэрийг дэвшүүлээгүй. Тэрийг дарга болгоё оо гэж бусад нь нэр дэвшүүлсэн. Би дарга болохгүй ээ гээд зарим нь нэрээ татсан. Даргаар сонгогдсон хүүхэд даргын ажлаа хийлгүй явсаар, дараагийн дарга бас л даргархалгүй явсаар сургууль төгссөн дөө.

Бид хүүхэд байсан. Хүүхдэд дарга хэрэггүй байдаг юм. Даргагүйгээр хүүхдүүд учраа ололцдог юм. Тиймээс ч бидний үеийнхний олонх нь дарга болдоггүй, цүнх барьж гүйдэггүй. Хонгор хөөрхөн үрсэд маань ч дарга хэрэггүй. Гавьтай боловсрол олгодоггүй юм гэхэд хүмүүжлийг нь эвдэхээ болимоор юм. Монголын ирээдүйд дарга нар биш, инженерүүд хэрэгтэй. 

 

Сэтгүүлч Х.Болормаа