Крымийн гүүрний халдлагатай холбоотой найман хүнийг баривчилснаа Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Алба (ФСБ) өнөөдөр мэдээлжээ.
“Мөрдлөгийн явцад халдлагыг зохион байгуулахад оролцсон ОХУ-ын тав, Украин, Армени улсын нийт гурван иргэнийг одоогоор баривчлаад байна“ гэж тус албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Халдлагыг бэлдэх, гүйцэтгэхэд нийтдээ 12 хүн оролцсоныг мөрдлөгийн үеэр тогтоогоод байгаа гэнэ. Тухайлбал тэсрэх бодисыг Болгар улсаас Гүрж рүү, дараа нь Армени улс руу шилжүүлэн тээвэрлэх ажиллагаанд Украины гурав, Гүржийн хоёр, Арменийн нэг иргэн оролцсоныг тогтоожээ.
Дараа нь тэсрэх бодисыг Крымд бүртгэлтэй хуурамч компанийн хаягаар тээвэрлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд Оросын тав, Украины нэг иргэн оролцсон болохыг ФСБ илрүүлсэн юм байна.
Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Керчийн хоолой дээгүүр тавигдсан гүүр хүчтэй дэлбэрэлтийн улмаас ноцтой гэмтсэн юм.
19 км урт үргэлжилдэг уг гүүр Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог ба Украины өмнөд фронтод тулалдаж буй Оросын зэвсэгт хүчний хангамжийн гол зам болж байв.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!