“Буриадын сан”, “Холун хатны үрс” ТББ-аас ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлэх талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийв.
Энэ талаар "Холун хатны үрс" буяны сангийн тэргүүн А.Сарнай "Манай буяны сан 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Герман хэлний сургалтаар дамжуулан буяны сангаа санхүүжүүлж, эмзэг давхаргын хүүхдүүдэд тэтгэлэг өгөх үйл ажиллагаа явуулдаг. Манай сангаас Оросоос дүрвэж ирсэн хүмүүст өөрсдийнхөө хэмжээнд тусламж үзүүлж байгаа. Нэн даруй тусламж шаардлагатай маш олон хүн байна.
Би герман хэлний багшаар найман жил ажиллаж байна. Тиймээс өөрийнхөө шавь нараас тусламж хүсэж байгаа юм. Германд ажиллаж байгаа цалиндаа хүрсэн өөрийнхөө шавь нар болон ОХУ-д сургуулиа төгссөн санхүүгийн боломжтой хүмүүсээс хандив хүсэж байна.
Дэлхий даяар эдийн засаг хямарсан, үнийн өсөлтөөс шалтгаалж амьдрал хаа сайгүй хэцүү байна. Тиймээс Монголын ард түмэнд хэлэх зүйл байхгүй" гэлээ.
Мөн тэрбээр "Монгол Улс нь НҮБ-ын гишүүн улс учраас дүрвэгсдэд туслах үүрэгтэй. Энэ асуудлыг орхивол сөрөг үр дагавар гарч ирэх магадлалтай.
Нийгмийн харилцаанд орохгүй байх нь хүнд хамгийн хэцүү. Хэрэв энэ асуудал орхигдвол хямарна, сэтгэл санааны хүнд байдалд орно. Энэ хүмүүс бага ч болтугай цалинтай ажил хийгээд хэсэг хугацаанд нийгмийн харилцаанд орох нь чухал. Монголд байх хугацаанд нь Монгол Улсын зүгээс тодорхой хэмжээгээр чадах бүхнээ хийх хэрэгтэй. Ард түмэн маань ч ойлгож хандах хэрэгтэй байна. Монголчууд ч гэсэн дэлхий даяар хаа сайгүй амьдарч байна. Хүний газарт орох оронгүй, дээрээс нь хэлийг нь мэдэхгүй бол ямар байх вэ...
Гэхдээ монголчуудаасаа хандив гуйх зүрх байхгүй байна. Монголчуудын маань амьдрал хүнд байгаа. Тиймээс шавь нараасаа болон бусад санхүүгийн хувьд боломжтой хүмүүсээс хандив хүсэж байна.
Гэрийнхээ хувцастай наашаа гараад ирсэн залуучууд их байна. Тиймээс эхний ээлжид дулаан хувцас хэрэгтэй байсан. Түүнчлэн зочид буудалд өөрт байсан мөнгөө төлсөөр байгаад одоо хонох газаргүй болоод гадуур явж байгаа залуучууд ч байгаа. Энэ хүмүүс Монголд нэг их удахгүй гэж бодож байна. Тэгэхээр хэсэг хугацаанд туслах шаардлагатай болж буй. Хүн гэдэг утгаар хандаж, дүрвэж ирсэн хүмүүст гар сунгах хэрэгтэй байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!