Украин улс Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаас татгалзсаны дараа ОХУ, Казахстан зэрэг орнуудыг багтаадаг Гаалийн зөвлөлд элсэх асуудал хөндөгдөх болсон билээ.
Тэгвэл бас нэгэн асуудал цэгцрэх шатандаа орсон нь Украины төрийн өмчит “Нафтогаз Украина” болон ОХУ-ын төрийн өмчит “Газпром”-ын нэгдэх асуудал юм. Украин улс Гаалийн зөвлөлд элсэхээс өмнө энэ асуудал хөндөгдөж магадгүй болоод байна. Ингэж дүгнэх хэд, хэдэн шалтгаан байгаа юм.
Нэгдүгээрт, ОХУ “Газпром”-ыг “Нафтогаз Украина”-тай нэгтгэх асуудлыг хэлэлцэхээс өмнө Украиныг Гаалийн зөвлөлд багтаахгүй гэж мэдэгдэж байсан.
Хоёрдугаарт, Украиныг Европын холбоотой байгуулах гэж буй чөлөөт худалдааны гэрээнээсээ татгалзахыг шаардаж, Европын холбоо Украиныг багтаасан гурван талт хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан / нөхцөл байдал одоо яг ОХУ-ын хүслээр болсон/.
Ингээд бодохоор одоо ганц л асуудал үлдэж байна.
Украин Европын холбооноос зайгаа барилаа, энэ нь ОХУ-д хангалттай байж чадах уу гэж. Өөрөөр хэлбэл, Украин улс Европын холбооноос татгалзсан нь Гаалийн зөвлөлд элсэхэд хангалттай гавьяа юу, эсвэл дахиад “Нафтогаз”-ыг “Газпром”-той нэгтгэх ёстой юу гэдэг асуулт чухал болж ирж байна.
Гаалийн зөвлөл гэдэг нь ОХУ, Казахстан, Беларусийг нэгтгэдэг байгууллага бөгөөд нэг нэгнийхээ барааг нутаг дэвсгэр дээрээ гаалийн татваргүйгээр явуулдаг юм. Энэ байгууллагаас хожим Беларусь шахагдсан билээ.
ОХУ-ын тал Украиныг Гаалийн зөвлөлд нэгтгэснийхээ төлөө байгалийн хий түгээх сүлжээнийх нь тодорхой хэсгийг эзэмшихийг санаархаж байгаагаа өмнө нь ил тод илэрхийлсэн.
Украины Ерөнхийлөгч В.Янукович 2011 оны эхээр явагдсан ТУХН-ийн орнуудын чуулган дээр хэлсэн үгэндээ “Нафтогаз”-ыг “Газпром”-той нэгтгэхгүй” гэсэн хатуу байр суурийг илэрхийлж байсан бол долдугаар сард В.Путинтай уулзсаныхаа дараа “Нафтогаз”-ыг шинэчлэх шаардлагатай” гэх өнгө аястай мэдэгдэл хийсэн нь түүнийг бууж өгч магадгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм.
Учир нь “Газпром" “Нафтогаз"-ын гол хувьцаа эзэмшигч болбол хариуд нь хямд бүтээгдэхүүн худалдан авахаас гадна “Нафтогаз”-ыг шинэчилж, техник, технологийг нь өөрчлөхөд зориулах санхүүгийн эх үүсвэртэй болох юм.
Украин улс “Нафтогаз”-aa “Газпром”-той нэгтгэхийг огт хүсэхгүй ч байгаа юм биш ээ. Энэ яриа хамгийн анх Д.Медведевийг Киевт айлчлах үеэр сөхөгдсөн бөгөөд В.Януковичийн тавьсан санал нь “50:50” байсан юм. Харин “Орос баавгай” байгалийн хийгээр дарамталсаар байгаад түүнээс хамаагүй бага хувь эзэмшүүлэхээр болж байх шиг байна.
Үнэндээ ч “Нафтогаз”-ыг үнэ цэнийн хувьд хамаагүй илүү “Газпром”-той нэгтгэчихээд “50:50” хувь эзэмших гэсэн В.Януковичийн санал бага зэрэг увайгүй байсан нь үнэн юм. В.Путиныг “Газпром” “Нафтогаз”-аас хамаагүй үнэтэй. Яг жинхэнээр тооцох юм бол 24 хувиас яагаад ч хэтрэхгүй. Гэхдээ хэлэлцэж болох юм” гэсэн хариултыг өгч байсан юм, эхэндээ. Гэтэл В.Янукович татгалзаж, уулзалт дээр хэлснээ “тоглоом шоглоомоор хэлсэн” гэх маягийн үг ч хэлж байсан юм.
Одоо хоёр тал үүссэн нөхцөл байдлыг хэрхэн өөрсдөдөө ашигтай эргүүлэх вэ гэсэн асуудлаар толгойгоо гашилгаж байна. Хоёр талын мэргэжилтнүүдэд сарын хугацаа байгаа бөгөөд энэ хооронд саналуудаа боловсруулахаар ирэх сард дахин уулзах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!