Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегийн шатрын их мастер Америк өрсөлдөгчөө булхайцсанд буруутгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Норвегийн шатрын их мастер, 31 настай Магнус Карлсен өөрийн өрсөлдөгч, АНУ-ын шатарчин Ханс Неманныг булхайцсанд буруутгаж байгаагаа анх удаа мэдэгджээ.

Гурван долоо хоногийн өмнө АНУ-д болсон 2022 оны Sinquefield Cup тэмцээнд таван удаагийн дэлхийн аварга Карлсен 19 настай Неманнд хожигдсоныхоо дараа тус тэмцээнийг орхисон нь шатрын ертөнцөд томоохон дуулиан дэгдээсэн юм.

Тэр үеэс хойш чимээгүй байсан Карлсен энэ долоо хоногийн Даваа гарагт сошиал хуудсандаа мэдэгдэл нийтэлжээ.

зураг
 
Карлсен, Неманн нар

“Миний үйлдэл шатрын ертөнцийн олон хүнийг бухимдуулсныг би мэднэ. Би ч бас бухимдсан. Би шатар тоглох дуртай. Цаашдаа ч өндөр түвшний тэмцээнүүдэд үргэлжлүүлэн оролцмоор байна” гэж Карлсен мэдэгдэлдээ бичсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт тэр “Julius Baer Generation Cup” онлайн тэмцээнд Неманнтай тоглохоосоо татгалзсан нь дахин олны анхаарлыг татаад байв.

“Сүүлийн үед Неманны булхайцалт улам бүр нэмэгдсэн гэж би үзэж байна. Үүнийгээ ч тэр хүлээн зөвшөөрсөн. Түүний шатрын хөлөг дээр гаргаж буй ахиц дэвшил байж боломгүй үзэгдэл юм” гэж Карлсен бичжээ.

Тэрбээр Неманныг яг ямар аргаар булхайцдаг талаар дэлгэрүүлээгүй ч “энэ талаар илүү ихийг ярихад бэлэн” байгаагаа илэрхийлсэн байна.

Неманн нь 12 ба 16 настайдаа онлайн тэмцээнд булхайцаж байснаа хүлээн зөвшөөрсөн ч нүүр тулсан тоглолтод хэзээ ч дүрмийн бус үйлдэл гаргаж байгаагүйгээ мэдэгдсэн юм.

Тэр ч бүү хэл шударга өрсөлддөгөө батлан харуулахын тулд хувцасгүй нүцгэн тоглоход бэлэн байгаагаа ярьж байжээ.

chess.com шатрын онлайн платформ энэ сарын эхээр түүний тоглох эрхийг хассан нь бас булхайтай холбоотой байв.

Sinquefield Cup тэмцээний үед Неманн “ширүүн өрсөлдөөнтэй үед ч анхаарлаа бүрэн төвлөрүүлэлгүй, гэхдээ давамгай байдалтай тоглож байсан” тухай Карлсен мэдэгдэлдээ дурджээ.

Тэрбээр булхайцахыг “шатрын спортын оршин тогтнолд учруулж буй аюул занал” гэж нэрлээд “Өмнө нь удаа дараа луйвар булхай  хийж байсан хүнтэй тоглох хүсэлгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Одоогоор Карлсены мэдэгдлийн талаар Ханс Неманн ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

 

Эх сурвалж: Aljazeera