Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах тарваган тахлын өвчлөлийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ховд аймгийн Жаргалант суманд есдүгээр сарын 17-нд бүртгэгдсэн тарваган тахлын халдвараар өвчилсөн иргэнд эрүүл мэндийн байгууллага тусламж үзүүлээгүй гэдэг мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Ховд аймгийн Мөст суманд хавхаар тарвага агнасан 29 настай иргэн биеийн байдал нь хүнд, замын унаагаар Жаргалант суманд буюу Ховд аймгийн төв рүү орсон. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн анхны үзлэгээр тарваган тахлын халдварын булчирхайн хэлбэр байж болзошгүй гэдэг дуудлага өгсөн учир тус аймаг дахь Зооноз өвчин судлалын төвөөс очиж сорьц дээжлээд, тарваган тахал өвчин мөн гэдэг урьдчилсан онош тавьсан. Онош батлагдаад, эмчилгээ эхэлж байхад тухайн өвчтөн амиа егүүтгэсэн.
Үжил хэлбэрийн халдварын үед олон эрхтний дутагдалд ордог. Тархинд нянгийн хүчтэй хордлого илэрдэг учраас сэтгэцэд өөрчлөлт ордог. Энэ байдлаасаа болоод тухайн хүн эмч, сувилагч нарыг зөвлөгөөн хийж байх явцад амиа егүүтгэсэн байсан. Үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа.
-Хот суурин газар руу орох постон дээр хяналт тавьж, тарвага оруулж ирэх гэж байгаа таслан зогсоож хураадаг гэж байна. Хурааж авсан тарвагыг устгадаг уу?
-Бүх орон нутгуудад долдугаар сард Засаг даргын захирамж гардаг. Цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтаас бүрдсэн хяналтын багийг төв суурин газар руу орж байгаа постууд дээр ажиллуулж, бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хэсэгчилсэн шалгалт хийдэг. 142 удаагийн шалгалтаар 827 тарвага хураасан. Хамгийн олон нь Төв аймгийн Лүн сумын постон дээр 180 тарвага хураасан. Эдгээр хураагдсан тарвага ЗӨСҮТ-д хүргэгдэн ирдэг. Хураан авсан учраас манайд ирснийх нь дараа дээж авсан, халдваргүйтгэсэн, устгалд өгсөн бүх баримт бичлэг, протоколтой байдаг. Тухайн амьтнаас бөөс, бүүрэг, эд эрхтнийг нь аваад хлорамин, жавилины уусмалд 24 цаг байлгаж халдваргүй болгоод “Элемент” компанид хүлээлгэн өгдөг. Хураагдсан тоо ширхэг, кг-аараа бүх протокол нь байдаг бөгөөд түүнийг нь цагдаагийн байгууллагад өгдөг.
Иргэд хураагдсан тарвагаа өөрсдөө иддэг юм уу, тэдэн ширхгийг өгөөч гэхчлэн ярьдаг. Тийм боломжгүй. Хориотой ан, халдварын өндөр эрсдэлтэй учир түүнийг хүнсэнд хэрэглэх боломжгүй.
Нөгөө талаар тээвэрлэлт болон шинжилгээнд орох явцдаа муудаж, өмхийрсөн байдаг.
Өвчлөл бүртгэгдсэний дараа иргэд хадгалж байсан тарвагаа гаргаад хаячихдаг. Энэ бол маш буруу. Тухайн гаргаж хаясан тарваганаас нь махчин амьтан, шувуу идээд түүнээс нь хүн халдвар авах өндөр эрсдэлтэй юм.
-Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакцин хийдэг үү?
-ЭМЯ-наас жилд 30-40 мянган тун вакцин тендерээр авч манайд хүлээлгэн өгдөг. Бид голомтод бүсийн эрсдэлтэй газрууд руу вакцинаа явуулдаг.
Энэ жил 22 мянга орчим тун вакциныг иргэдэд хийсэн. Энэ вакцин нь жилийн турш найдвартай хамгаалдаг. Вакциныг голомтод бүс нутагт хамгийн түрүүнд өвчтэй хүнтэй харилцдаг эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хийдэг. Мөн иргэд хүсэх юм бол сайн дурын үндсэн дээр хийдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!