Уншиж байна ...

Starlink сүлжээний хамрах хүрээ дэлхийн бүх тивд хүрснийг Илон Маск мэдээлжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

SpaceX компанийн Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээ дэлхийн бүх тивд хүрсэн тухай тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр мэдээлжээ.

“Starlink одоо Антарктидыг оролцуулаад дэлхийн бүх тивд идэвхжилээ” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

Ням гарагт SpaceX компани уг үйлчилгээний 54 ширхэг хиймэл дагуулыг дэлхийн тойрог зам руу хөөргөсөн юм. Өмнөх таван удаагийн оролдлого нь цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор цуцлагдаад байжээ.

Ням гарагийн хөөргөлтөөс өмнө дэлхийн бөмбөрцгийн нам өндрийн тойрог замд Starlink нийт 3,076 хиймэл дагуултай болоод байв.

2027 оны дунд үе гэхэд нийт 42,000 хүртэл хиймэл дагуулыг тойрог замд байрлуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

Ингэж дэлхийн бөмбөрцгийг хиймэл дагуулуудаар бүрэн хучсаны дараа Starlink үйлчилгээ дэлхийн аль ч цэгээс ижил өндөр хурд, чанартай холбогддог болно.

Энэ оны тавдугаар сарын байдлаар Starlink үйлчилгээ дэлхий даяар 400,000 орчим хэрэглэгчтэй болсныг CNBC суваг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider