ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Lil Pump-ийн агентлагаас Монгол Улсад хийгдсэн бичлэг огт биш, садар самуун, доромжилсон асуудал байхгүй гэсэн тайлбар өгсөн"

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

XMF-Хуур хөгжмийн наадмыг зохион байгуулсан BRB компаниас мэдээлэл хийж байна. 

Наймдугаар сарын 19-нд зохион байгуулагдсан тус хөгжмийн наадамд АНУ-ын алдарт дуучин, реппер Lil Pump хүрэлцэн ирж оролцсон бөгөөд түүнтэй холбоотой видео бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, шүүмжлэл дагуулаад байгаа билээ. 

“Circlepark” группийн гүйцэтгэх захирал, XMF хөгжмийн наадмын Ерөнхий найруулагч, продюсер Ж.Энхжаргалан дараах тайлбарыг өглөө.

"Өчигдөр 13:00 цагийн орчимд Lil Pump-ийн албан ёсны твиттер хаягаас эмэгтэй хүний дүрстэй бичлэг цацагдсан байсан. 

Тухайн үед энэ талаар олон хүн бидэнд хандсан. Бид тэр даруйд нь Lil Pump-ийн менежментийн баг руу шууд холбоо тогтоосон. Тайванийн агентлагаар дамжиж анх үндсэн гэрээгээ байгуулсан тул гэрээний дагуу агентлагт нь мэдэгдсэн. Бид бичлэгийн талаар албан ёсны тайлбар өгөхийг хүссэн. Мөн бичлэгээ яаралтай устгах хүсэлт тавьсан.

Ингээд агентлагаас өгсөн тайлбарт "Нэгдүгээр уг бичлэг Монгол Улсад хийгдсэн огт биш, хоёрдугаарт та бүхний хэлээд байгаа шиг садар самуун доромжилсон асуудал байхгүй. Ямар ч хүний царай зүс, нэр ус заасан асуудал байхгүй. Ер нь Lil Pump иймэрхүү хандалт авсан бичлэг олныг хийдэг. Тэр бичлэгүүдийн нэг" гэсэн тайлбар өгсөн. 

Ийм тайлбар өгсөн ч бид бичлэгийг устгуулах хүсэлтэй байгаагаа, устахгүй бол гомдол гарахыг үгүйсгэхгүй гэдгээ илэрхийлсэн. Менежментийн баг хүсэлтийг хүлээж авсан. Орой 20:00 цагийн үед бичлэг устсан" гэдгийг хэллээ. 

Мөн "Юу нь мэдэгдэхгүй бичлэг дээр тайлбар хийж байгаад харамсаж байна. Тухайн мэдээллийг Монголд уу, монгол хүн үү, бид энэ хүнийг таних уу, албан ёсны холбоотой юу, үнэхээр ийм зүйл болсон уу гээд нягталсан. Албан ёсоор хэлэхэд зохион байгуулагчдын зүгээс бичлэгтэй холбоотой огт ийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Өнгөрсөн 24 цагт ажиглаж байхад олон янзын таамаг дэвшүүлж, тодорхойгүй мэдээлэлд үндэслэж эмэгтэй хүний нэр хүндэд, нэр цохож халдаж, маш олон хандалт авах гэсэн янз бүрий санаа зорилготой ташаа мэдээллүүд цацагдаж байна. Өнөөдөр энэ нь савнаасаа халиад олон дагагчтай олны танилууд, хуудсууд мэдээлэл хийгээд зохион байгуулагчид руу холбох гэж оролдож байна. Намайг мөн холбох гэж оролдож байна. 

Олон нийт энэ асуудалд хөнгөн гоомой хандмааргүй байна. Энэ асуудал тогтоогдоогүй байхад эмэгтэй хүний нэр хүнд, хүч хөдөлмөр гаргаж хөгжмийн наадмыг зохион байгуулсан олон зуун залуус, компани, брэндийн нэр хүндэд халдаж байна. Үнэхээр албан ёсны гомдол гараад, тухайн артист руу хууль шүүхийн байдлаар маргаан гаргаад, бичлэг нотлогдвол бид өмөөрөхгүй, гомдол гаргаж байгаа талыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн. 

Lil Pump-ийг бид 36 цагийн хугацаанд хүлээн авч, тоглолтыг дуусгаад буцаасан. Маш өндөр ачаалалтай, зохион байгуулалттай ажилласан. 

Lil Pump өөрөө мөн найман хүний маш өндөр хамгаалалттай ирсэн. Ямар нэгэн асуудал байвал нотолгоотой байх ёстой. Тэрнээс наана эмэгтэй хүнийг тааж, нэр цохож гутаан доромжилж халдмааргүй байна. Мөн наадмыг зохион байгуулсан олон залуусыг хамаатуулж, нэр хүндэд халдахыг эрс эсэргүүцэж байна. 

Бид соёл урлагийн салбарт шинэ салхи нээх гэж дэлхийн хэмжээний артисттай анх удаа гэрээ байгуулж, цаашлаад дараа дараагийн одуудыг авчирч, хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд хөдөлмөрлөж байгаа залуус.

Хөгжмийн наадам битгий хэл хүүхдийн үсний найр хийхэд ямар хүнд байдаг билээ. Тэгэхэд 10-20 мянган хүн орсон наадмыг зохион байгуулах гэж хүч хөдөлмөрөө зарцуулсан. Тайзны хойно тусгайлан зассан гэр тусгай хамгаалалттай байсан. Хууль хүчнийхэн гэрээт хамгаалалтынхан үүнийг мэдэж байгаа. Маш олон хүн зургаа авхуулах гээд хүлээж байсан. Тэр хүн тоглолтоо үзүүлээд, тохижуулсан гэрт байж байгаад Токио руу өглөөний нислэгээр буцсан. Бид 00:40 цагт буюу эрт зогсоосон. Зохион байгуулагчид бүгд үлдээд хүмүүсээ гаргаад 03:00 цаг хүртэл наадмын талбай дээр байсан. Үүрээр артистаа нислэг рүү хүргэж өгсөн. 

Нэг хүний нэр цохож дайрч доромжилж байгаад үнэхээр харамсаж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: