"Монгол орноо хогноос салгая" аян аймаг, сумдад үргэлжилж байна.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан даалгаврын дагуу "Усны сан бүхий газрыг бохирдож, хомстохоос хамгаалах" арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээг шат шатны Засаг даргын захирамжаар зохион байгуулжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрх, сургуулийн сурагчид оролцож, нийтийн эзэмшлийн талбай, хашаа хороо, Дэлгэрмөрөн гол орчим, үерийн далан зэрэг газруудад цэвэрлэгээ хийсэн байна.
Дэлгэрмөрөн-Шишгэд голын сав газрын захиргааны хамт олон усны сан бүхий 60 га газарт 10 байгууллагын 75 ажилтан албан хаагчидтай хамтарч 11 машин техник хэрэгсэл ашиглан нийтийн хог цэвэрлэгээнд оролцлоо. Хог цэвэрлэгээгээр нийт 30 орчим тонн хог хаягдал гарсан аж.
Хог хаягдлыг ангилж үзвэл шил, лааз, ус ундааны хуванцар сав, хувцас хунар, машины дугуй, гялгар уут, үнс нурам зэрэг байлаа. Үүний 70 орчим хувийг дахин ашиглах боломжтой хог хаягдал байна гэдгийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!