Оросын эрх баригчид асар их хэмжээний илүүдэл байгалийн хийгээ шатааж байгаа тухай BBC агентлаг судалгааны байгууллагын эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
Тухайлбал Финландын хилийн ойролцоо байгуулагдсан шинэ станц өдөр бүр $10 саяын үнэ бүхий хийг шатаан устгаж байгаа юм байна.
Энэ нь Герман улс руу ОХУ-аас хоолойгоор дамжуулдаг байсан хийн нийлүүлэлт багассантай холбоотой гэж судлаачид дүгнэжээ.
Их Британид суугаа Германы элчин сайд үүнийг “худалдан авагч байхгүй болсонтой холбоотой” гэж тайлбарласан байна.
Rystad Energey байгууллагын шинжээчдийн гаргасан дүгнэлтээр Оросууд энэ зуны турш өдөр бүр 4.34 сая шоо метр хийг шатаажээ.
Байгалийн хий шатааж буй газар нь Санкт-Петербург хотоос баруун хойд зүгт оршдог Портовая хий шингэрүүлэх шинэ үйлдвэр юм байна.
Хилийн ойролцоо амьдардаг Финландын иргэд анх зургаадугаар сард их галын дөл Оросын нутаг дэвсгэрийн зүгт харагдах болсныг мэдээлж байжээ.
Портовая үйлдвэр нь Герман руу хий дамжуулдаг Умард Урсгал 1 хоолойн эхлэл цэг дээр байрладаг юм байна.
Долдугаар сарын дундаас эхлэн Оросын тал уг хоолойгоор нийлүүлдэг хийн хэмжээгээ эрс бууруулсан ба үүнийгээ техникийн асуудалтай холбон тайлбарлаж байгаа.
Харин Германы эрх баригчид үүнийг Украины дайнтай холбоотой цэвэр улс төрийн зорилготой үйлдэл гэж үзэж байна.
Байгалийн хийг техникийн шалтгаанаар, эсвэл аюулгүй байдлыг хангах шалтгаанаар шатаах явдал түгээмэл байдаг.
Харин ийм их хэмжээгээр шатаах нь хэвийн биш үзэгдэл гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Хий шингэрүүлэх үйлдвэр ийм их хэмжээний устгал хийж байхыг би өмнө нь хэзээ ч хараагүй. Зургаадугаар сараас эхлэн асар их хий шатааж эхэлснийг бид харж байна” гэж Охайо дахь Майамигийн их сургуулийн хиймэл дагуулын өгөгдөл боловсруулалтын мэргэжилтэн Жессика Маккарти ярьжээ.
“Эрчим хүчний хараат байдлаас салах Европын орнуудын хичээл зүтгэл Оросын эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Тэд худалдан авагчгүй болсон тул хийгээ шатаахаас өөр аргагүй болсон байх” гэж Их Британид суугаа Герман улсын элчин сайд Мигуэл Бергер ярьж байна.
Байгалийн хийн технологийн Capterio компанийн гүйцэтгэх захирал Марк Дэвис хий шатаах нь санамсаргүй биш, зориудын үйлдэл гэж тайлбарлажээ.
“Операторууд үйлдвэрээ унтраахаас айдаг. Учир нь нэгэнт унтарсан үйлдвэрийг дахин ажиллуулахад өртөг өндөр, техникийн хувьд ихээхэн бэрхшээлтэй байдаг. Ийм шалтгаанаар хийн үйлдвэрлэлээ зогсоохын оронд шатааж байгаа байх” гэж тэр ярьж байна.
Зарим мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэ нь хийг шингэрүүлэх оролдлого бүтэлгүйтсэний шинж байж болзошгүй гэнэ.
Герман руу нийлүүлэлт багассаны дараа Газпром хийгээ шингэрүүлсэн хэлбэрээр өөр зах зээлд нийлүүлэхийг оролдсон байж болзошгүй. Гэвч техникийн асуудал гарсан тул аюулгүй байдлын үүднээс шатаахаас өөр аргагүй болсон байх гэж тэд тайлбарлаж байна.
Зарим нь худалдааны хоригтой холбоотой техникийн доголдлоос шалтгаалан шатааж байгаа гэсэн таамаг дэвшүүлжээ.
“Ингэж удаан шатааж байгаа нь тэд ямар нэг тоног төхөөрөмжийн хомсдолд орсноос байж болзошгүй. Худалдааны хоригийн улмаас Орос улс газрын тос, байгалийн хий боловсруулах өндөр чанартай тоног төхөөрөмж импортлох боломжгүй болсон байгаа. Тиймээс эвдэрсэн эд ангиа сольж чадахгүй байгаагаас шатааж байж болох юм” гэж Финландын LUT их сургуулийн эрчим хүчний инженерчлэлийн профессор Эса Ваккилаинен тайлбарлаж байна.
Нөгөө талаар ийм их хэмжээний хий шатаах нь хүлэмжийн хийг нэмэгдүүлж, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг судлаачид анхааруулжээ.
“Ялангуяа Умард туйлын бүс нутагт ийм их гал гарч байгаа нь маш их санаа зовоож байна. Эндээс ялгарсан хар нүүрстөрөгч хойд зүгт тархвал цас мөсний хайлалтыг түргэсгэх аюултай” гэж Канадын Карлтон их сургуулийн профессор Мэттью Жонсон ярьж байна.
Байгалийн хий зэрэг түлш дутуу шатахад үүсдэг тоосонцрыг хар нүүрстөрөгч гэж нэрлэдэг гэнэ.
BBC агентлаг хий шатааж буй асуудлыг тодруулахаар ОХУ-ын төрийн өмчит Газпром компанид хандахад хариу өгөөгүйг мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!