Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн хорооны хурлыг Б.Батдаваа хоёр жил даргалахаар сонгогдлоо

Р.Оюун
2022 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: United Nations ESCAP

НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комиссын Статистикийн хорооны VIII хурал энэ сарын 23-25-нд Тайландын Бангкок хотод болж байна. 

Энэ үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа тус хорооны хурлын даргаар хоёр жилийн хугацаатай сонгогджээ. 

Манай улсыг төлөөлж Үндэсний Статистикийн Хороо нь цар тахлын үед мэдээлэл цуглуулах шинэлэг аргачлал буюу CATI аргаар мэдээлэл хэрхэн цуглуулж, боловсруулсан туршлагаа бүсийн орнуудтай хуваалцаж, мэдээлэл солилцох юм байна. Түүнчлэн "Өгөгдлийн засаглал”-ыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулахаар төлөвлөжээ.  

НҮБ-ын Ази, Номхон Далайн ЭЗНК-ын Статистикийн хорооны хурал нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг, бүс нутгийн 50 гаруй орны төлөөлөл оролцдог, НҮБ-ын бүс нутгийн онцлох хуралдаануудын нэг юм. Хурлаар бүс нутаг дахь статистикийн хөгжил, хамтын ажиллагаа, албан ёсны статистикийг сайжруулах байр суурийг тодорхойлохын зэрэгцээ Ази, Номхон Далайн Статистикийн хамтын нийгэмлэгийн алсын хараа, үйл ажиллагааны хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлэх аж.