Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас, даавуун торыг нэгдсэн байдлаар үйлдвэрлэж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэх болсон талаар мэдээлэл хийлээ. 

Тус холбооноос санаачлан цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад болохгүй, сургалтын орчинд нийцсэн, арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар шийджээ.

Материал үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг мэргэжлийн өндөр түвшинд эх орондоо кластераар үйлдвэрлэж байгаа аж. Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас нь футболк, шорт, даавуун торноос бүрдэнэ. Нийслэлд 2022-2023 оны хичээлийн жилд 146,000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдах бөгөөд кластер үйлдвэрлэлийг төрийн байгууллага, цэцэрлэгийн багш, эрхлэгчид, асран хамгаалагчид дэмжсэн байна. 

Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцасны талаар үйлдвэрлэгчид "Биеийн тамирын хувцасны материал нь хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул техникийн шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Футболкны даавууг монголдоо үйлдвэрлэж байгаа бөгөөд 100 хувь хөвөн даавуун материал юм. Байгальд ээлтэй, зөөлөн, харшил үүсгэхгүй, үнэр бактерийн эсрэг хамгаалалттай, арчлахад хялбар, амьсгалах чадвартай, хөлс шингээдэг, суналт агшилт сайн, монгол хүний царайны өнгөнд тохирсон номин цэнхэр өнгөтэй. Шошгыг гадна талд оёсон тул хүүхдийн биеийг нухахгүй, нэр бичих хэсэгтэй тул багш, хүүхдүүдэд эвхэж хураахад хялбар байдлаар шийдсэн.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шортыг дэлхийн спорт хувцасны брэндийн материалаар эх орондоо үйлдвэрлэсэн. Биеийн тамирын хувцасны шорт бүдэг өнгөтэй байдаг. Учир нь футболкны өнгийг илүү тод харагдуулах, ялгаж өгөх, багшийн анхаарал төвлөрөлд эерэг ач холбогдолтой бөгөөд нүдэнд ачаалал бага өгнө.

Футболк, шортны материалын өнгийг бүлэг тус бүрээр бус ижил өнгөөр шийдсэн нь эцэг, эх, асран хамгаалагчид очих санхүүгийн дарамтыг бууруулах зорилготой. Даавуун торыг асран хамгаалагчид худалдан авах болон оёдолчноор оёулах ажилд цаг зарцуулахгүй. Цаг хугацаа, санхүүгээ хэмнэнэ. Дүүрэг, цэцэрлэгийн нэр, таних тэмдэг хэсгийг тэмдэглэж өгсөн, 5-аас дээш өнгөний сонголттой байна.

Футболк, шорт, даавуун тор нийлээд 25,000 төгрөгийн үнэтэй. Цэцэрлэгийн бүлгийн багшдаа захиалга өгнө" гэлээ. 

Импортын шорт, футболкны материал нь хөлсийг шингээдэггүй, амьсгалдаггүй, техникийн шаардлага, стандартыг хангаагүй байдаг. Хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалж хуурай, тоостой орчинд удаан хугацаанд хадгалагдаж байгаа нь хүүхдийн арьсанд харшил өгөх, тууралт үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг аж.