Уншиж байна ...

Дэлхийн хэмжээнд ховордож буй шувуудыг хамгаалахаар Олон улсын тогорууны сан Хурх, Хүйтэний хөндийд ажиллана

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Олон улсын тогорууны сан Хурх, Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг гүйцэтгэхэд хамтран ажиллахаар болов.

Тодруулбал, наймдугаар сарын 5-ны өдөр олон улсын тогорууны “International Crane Foundation" сан Хурх, хүйтний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” /Wildlife Science and Conservation Center of Mongolia/ гэрээгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичиг дарга Э.Баттулгатай уулзалт хийсэн юм.

Хурх, Хүйтэний хөндий бол дэлхийн хэмжээнд ховордож буй цэн тогоруу, цагаан тогоруу, хар тогоруу, хошуу галуу, хонин тоодог зэрэг шувуудын түшиц нутаг. Олон улсын ач холбогдлыг нь үнэлэн 2004 онд Рамсарын конвенцэд, 2009 онд Шувуудад чухал газарт, 2011 онд Зүүн Ази-Австралийн шувууны нүүдлийн замд бүртгэсэн байдаг.

Дээрх санал ажил хэрэг болж, хэрэгжсэнээр Тусгай хамгаалалттай газрын судалгаа, санхүүжилт, менежментийг шинэлэг аргаар явуулах ажил нэг шат урагшлах боломжтой.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр дээрх ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж, талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

зураг
 

Олон улсын тогорууны сан нь дэлхийн 50 гаруй улс оронд тогоруу хамгаалах, болон тухайн бүс нутагт оршин амьдардаг иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.