Иргэний нийгмийн байгууллагууд Монголын ардчиллын үндэс суурийг бүрдүүлдэг. 1990 онд тайван замаар хувьсгал хийснээс хойш иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) эдийн засаг болон ардчиллын шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Гэсэн хэдий ч олон улсын санхүүжилт олох, дэлхий нийтийн туршлагаас суралцах нь ИНБ-уудын хувьд сорилт байсаар байна. Илүү хариуцлагатай засаглал, илүү чөлөөт нийгмийг бий болгоход ИНБ-ууд онцгой үүрэгтэй бөгөөд үүний тулд санхүүжилтийн хангалттай эх үүсвэртэй байх шаардлагатай. Тус салбарын ирээдүй нь төрийн тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ иргэний нийгмийн төлөөллийг үүнд татан оролцуулах зорилготой боловч идэвх санаачлагыг өрнүүлэх механизм сул, үйл явц нь удаашралтай байна.
ИНБ-уудыг дэмжих зорилгоор Пипл ин Нийд (ПИН) байгууллага нь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын боловсруулсан Монголын Иргэний Нийгмийн Байгууллагуудтай хамтран ажиллах Европын Холбооны хүрээ баримтаас санаа аван "Өнөөгийн Иргэний Нийгэм" (Civil Society Now) нэртэй шинэ платформыг нээлээ.
“Монголын ИНБ-ууд өөрсдөө төслийн саналаа боловсруулж, олон улсын хандивлагчдад илгээн санхүүжилт авах чадавхыг нь сайжруулахыг бид зорин ажиллаж байна. ПИН нь Чех улсын иргэний нийгмийн жижиг байгууллага байсан бөгөөд улмаар дэлхийн 20 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, хандивлагчдын итгэмжлэгдсэн түнш болон үйл ажиллагааг өргөжүүлэн тэлсэн юм. Энэхүү хөгжил дэвшилд хүрэхэд өөрийн байгууллагын хөгжлийн шинэхэн түүхэнд тулгуурлан жижиг байгууллагуудын хэрэгцээ, тэдэнд шаардлагатай стандартыг бий болгох арга замыг мэддэг, ойлгодог, туршлагатай болсон гэсэн үг юм." гэж тус байгууллагын Олон улсын техникийн хэлтсийн дарга Камила Гарбутт хэллээ.
ПИН нь өөрийн дотоод санхүүжилт, хариуцлага, хандивлагчдын шаарддаг мөрийн хөтөлбөр болон удирдлагын тогтолцоогоо ил тод болгож, Монголын ИНБ-ууд бие даан олон улсын хандивлагчдаас санхүүжилт татах, төслөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бүрдүүлэхэд нь туслах юм. Тус платформ нь Монгол Улсын хөгжил, дотоодын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Гишүүддээ үзүүлэх үйлчилгээнд нь дотоод удирдамжийн жишиг загвар баримт бичгүүд, тухайн үеийн хэрэгцээт сэдвүүдээр зохиогдох уулзалтууд, зөвлөх үйлчилгээ багтах юм.
“Эрх мэдэлтэй, чадварлаг иргэний нийгэм бол Монголын ардчилсан тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд баялаг нь юм. ИНБ-ууд олон ургалч үзлийг илэрхийлж, илүү үр дүнтэй бодлого, тэгш, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтөд хувь нэмрээ оруулж чадна. Монголын Иргэний Нийгмийн Байгууллагуудтай хамтран ажиллах Европын Холбооны хүрээ нь Монгол Улсад засаглал, ардчиллыг бэхжүүлэхийг зорьдог Иргэний нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулахад бусдад урам зориг өгч байгааг харахад үнэхээр сайхан байна.” гэж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн, эрхэмсэг хатагтай Аксел Никаиз мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!