• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Дэлгэрмаа: Төрийн аудитын тухай хууль шинэчлэгдсэнээр төрийн байгууллагуудын дотоод хяналт сайжирч байна

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Төрийн аудитын байгууллагатай гэрээний үндсэн дээр 2006 оноос хойш аудит гүйцэтгэж ирсэн, 16 жилийн туршлагатай “Ди Эй Би Жи Аудит” компанийн захирал Н.Дэлгэрмаатай ярилцлаа.

Аудитын олон улсын болон дотоодын бүхий л стандартыг чанд баримтлан ажиллаж ирсэн тус компанийн захирал төрийн аудитыг гүйцэтгэх явцад ажилтнуудын ур чадвар сайжирч, өсөн дэвжих боломж олгодог нь томоохон давуу тал болохыг онцоллоо. 

-Жил болгон танай компаниас төрийн байгууллагуудад санхүүгийн тайлангийн аудит хийдэг. Тухайн байгууллагуудад гарч байгаа санхүүгийн нийтлэг алдаа зөрчил юу байна вэ. Жил бүр хийсний үр дүнд алдаа зөрчил багасах хандлага байна уу?

-Манай байгууллага Төрийн аудитын байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтад орж шалгарсны үндсэн дээр төсвийн байгууллага, төрийн өмчтэй компаниудад болон Засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд аудит хийдэг. Төсөл, хөтөлбөрийн аудитыг Засгийн газарт нэгтгэдэг тул долларын мөнгөн болон төгрөгийн аккруэл суурьтай гэж хоёр янзын тайлан гаргадаг. Эхний үед аккруэл суурьтай тайлан дээр нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд асуудал их гардаг байсан ч зөвлөмж өгч явсаар сайжирч байна. Сүүлийн үед бид Шилэн данс болон худалдан авах ажиллагааны хэрэгжилтүүд дээр тухайн жилийн даалгавраас хамаараад нийцлийн болон гүйцэтгэлийн аудит хийснээр жил жилээр сайжирч, үр дүн гарч байгаа. Тухайлбал, худалдан авах ажиллагаагаа tender.gov.mn сайт дээрээ бүртгэдэггүй. Наад зах нь худалдан авах жилийн төлөвлөгөөгөө батлуулах, хийсэн худалдан авалтаа тайлагнадаггүй зэрэг зөрчлүүд гардаг байсан нь багасаж байна.

Өнгөрсөн оны тухайд манайх төсөл, хөтөлбөрүүд дээр и-баримтуудын хэрэгжилтийг түлхүү шалгасан. Ерөнхийдөө тухайн жилд ямар чиглэл баримталж байгааг харгалзан анхаарал татаж байгаа асуудлуудыг түүвэрлэн шалгадаг. Шинэчлэгдсэн дүрэм, журмуудыг яаж хэрэгжүүлж байгаад мөн голлон анхаардаг. Хувь хүнтэй холбоотой, зөвлөхүүдийн орлого олж байгааг зөв тайлагнаж уу гэдгээс эхлээд зөвхөн санхүүгийн бүртгэлээр зогсохгүй төсөвт орлого төвлөрүүлдэг гэдэг утгаараа татварын хуулиудын хэрэгжилтийг нэлээд сайн шалгаж үздэг. Жилээс жилд сайжирч байгаа гэж хардаг. 

-2006 оноос төрийн аудитыг гүйцэтгээд явж байгаа гэж та танилцуулсан. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хувьд энэ хугацаанд яаж өөрчлөгдсөн гэж та хардаг вэ?

-Ер нь олон талаараа сайжирч байгаа гэж хэлнэ. Анх 2006 оноос ажил гүйцэтгэж байхад бидний ажлыг хариуцах 3 хүн л байсан бол одоо үйл ажиллагаагаа дагаад тогтолцооны хувьд шат ахисан. Ялангуяа, Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайлангийн аудитын дундын программыг өнгөрсөн жил нэвтрүүлснээр өдөр тутамдаа асуудлаа ярилцаад, бидний хийж байгаа ажлын явц, ямар нэгэн асуудал гарахад Үндэсний аудитын газрын аудитор, менежер, газрын дарга ч ороод харж болно. Үүнийг дагаад бидэнд хариуцлага тооцох үндэслэл нь шударга болоод ёс зүйн алдаа гаргаж байгаа эсэхийг хянах бүрэн боломжтой болсон. Ингээд цар тахлын үед программыг сайжруулаад тодорхой хэмжээний орлого олгочхож байгаа учраас бидэнд их дэмжлэгтэй болчхож байгаа юм. Нөгөө талаараа Төрийн аудитын байгууллагаас хувийн аудитын компаниудын аудитруудад сургалтуудыг тогтмол зохион байгуулснаар бид хөгжөөд, ур чадвараа ахиулаад явж байна. Энэ мэтчилэн төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаа сайжирч байна гэж хардаг. 

-Зөвлөмж өгөөд үйл ажиллагаа жил бүр сайжраад явж байна гэж байна. Гэвч аудит хийгээд шалгаад явж байгаа боловч үр дүн гарахгүй байна гэж харах хүмүүс цөөнгүй. Таны харж байгаагаар үр дүн гарахгүй салбарууд байна уу. Аудит хийх явцад төрийн албан хаагчдын ур чадвар дээр ч юм уу шүүмжлэлтэй харагддаг зүйлс бий юу? 

-Мэдээж асуудлууд гардаг. Тухайлбал, нэг салбарын чиг үүргийг хэрэгжүүлдэг хоёр байгууллагын бодлого зөрөх ч юм уу, хоорондын гэрээ нь хэт хуучирсан гэдэг ч юм уу. Хэдийгээр бид шийдэхгүй ч Үндэсний аудитын газарт уламжлаад, зохих зөвлөмж, шаардлагаа хүргүүлээд явдаг. Энэ жил биш гэхэд ирэх онд, тэрний дараагийн жилд сайжраад, ахиц гараад явдаг. Шууд өргөс авсан мэт болохгүй ч ямар ч байсан анхаарлын төвд оруулах асуудлыг бид тайлангаараа дамжуулж хүлээдэг тул энэ үүргээ хэрэгжүүлээд ажилладаг. 

-КОВИД-19-тэй холбоотойгоор сүүлийн 2 жилд олон салбарт өөрчлөлт гарсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аудитын компаниудын хөгжил, цаашдын чиг хандлагын талаар та ямар бодолтой байна вэ. Ямар хүндрэл, бэрхшээл тулгардаг вэ?

-Хувийн аудитын компаниудад боловсон хүчний л асуудал байдаг. Маш урт удаан хугацаанд боловсон хүчнээ бүрдүүлдэг.

Бид Сангийн яамнаас тусгай зөвшөөрлөө аваад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд гишүүнчлэлтэйгээр бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Манай ажил мэргэжлийн ёс зүй, өндөр ур чадвар шаарддаг. Жишээ нь, мэргэжлийн нягтлан бодогчоор бакалаврын диплом авсан хүүхэд 5 жил ажиллаж байж мэргэшсэн нягтлан бодогч болно. Үүнээс цааш 7 жил ажиллаж байж хугацаагүй эрхээ авдаг. Тэр эрхийг авсны дараа аудитор болох эрх нь нээгддэг. Ингээд боловсон хүчинтэй боллоо гэхэд хүн болгон хийж чадахгүй. Хүмүүсээ сургаж авна. Энэ урт удаан хугацаанд, сургууль төгссөнөөсөө хойш 10 жилийн дараа шахам аудиторын эрх авч байгаа тул залууст шантрах асуудал гардаг. Бидний ажил ерөнхийдөө зургаа, долдугаар сарыг эс тооцвол байнгын ачаалалтай байдаг. Энэ хугацаанд залуу хүмүүс ихэвчлэн өдөр бүр орой сууж ажиллах шаардлагатай болдог тул 10 хүнээс хоёр нь л үлдэнэ. Ийм учраас бид аудитор болох хугацааг наашлуулж өгөх хүсэлтийг бид тавьдаг. Яагаад гэвэл хугацаа нь болоогүй ч хийгээд сурчихдаг, чадаад байдаг. 

Цар тахлын үед манай салбарт үүссэн эерэг өөрчлөлт бол онлайнаар ажиллаж сурсан явдал. Заавал бүх байгууллага дээр очиж бичиг цаасыг нь ухах биш, анхаарал татсан, шаардлагатай гол материалуудаа л очиж үзэхэд болохоор болсон. Сангийн яамны төсөвт байгууллагуудын төлбөр тооцооны болон шилэн данс, худалдан авах ажиллагааны цахим системүүд онлайнаар аудит хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. 

-Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн нэг гол зүйл нь акт, албан шаардлагын хэрэгжилтийг хангаагүй төрийн албан тушаалтанд арга хэмжээ авч, хариуцлага тооцох механизм энэ хуульд сууж өгсөн. Таны ажигласнаар тус хуулийн шинэчлэлтэй холбоотой төрийн байгууллагууд болон төрийн өмчит ААН-үүдийн зөвлөмжийн хэрэгжилтэд дэвшил гарсан уу?

-Дэвшил гарч байгаа. Яг энэ хуультай холбоотойгоор өнгөрсөн жил манайх хариуцлага тооцох тухай албан шаардлагууд нэлээд өгсөн. Өмнөх онуудад өгсөн ч биелээгүй байсан шаардлагууд хэрэгжсэн. Нөгөө талаар тухайн ААН-д ажиллаж байгаа зарим хүн юмыг аргална, болчихно гэдэг сэтгэлгээгээр ханддаг байсан бол одоо байгууллагын дотоод хяналт сайжрах хандлага ажиглагдаж байна. Шилэн дансны бүртгэл дээр л гэхэд тухайн байгууллага мэдээллээ яаж оруулсныг бид шалгахаар шар, ногоон, улаан гээд өнгөөр будагдаад гараад ирж байгаа юм. Хоцорсон мэдээллүүд мөнгөн дүнтэйгээ харагдана. Өмнө нь бүх юмаа нягтландаа даатгаад орхидог байсан бол одоо худалдан авах ажиллагаа хариуцсан хүн, санхүүгийн бүртгэл тайлантай холбоотой юмыг нягтлан бодогч ч юм уу хариуцах болоод ирэхээр дотоод хяналт сайжрахаас аргагүй нөхцөл бүрдсэн. 

-Ер нь аудитор хүнийг та юу гэж дүгнэдэг вэ. Өнөөдөр эмийн аудит хийж байсан хүн маргааш эрчим хүчний аудит хийх шаардлагатай болдог тул түүнд өөрийгөө бэлдэж, тасралтгүй хөгжих шаардлагатай байдаг шиг санагддаг. Хууль эрх зүйн мэдлэг бас чухал. Тэгэхээр аудитор хүнээс нэг биш нэлээд олон мэргэжил шаарддаг онцгой ажил юм болов уу. Та олон жил энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд энэ талаар юу гэж дүгнэдэг вэ?

-Аудитор хүн хамгийн түрүүнд ёс зүйтэй байх ёстой. Бид мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй. Хэдий дүрэмтэй ч аудитор хүн бол илүү ёс зүйтэй, зарчимч байх ёстой. Дараа нь мэдлэг мэргэжлээ сайжруулж, бүх салбарын хүнээс 2-3 дахин уншиж судалдаг байх ёстой. Аль ч салбарт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хууль, стандарт шинэчлэгдэхэд цаг алдалгүй өөрсдөө уншиж, харах ёстой. Нэгэнт бид зөвлөгөө өгөх ажил хийж байгаа гэдэг утгаараа өөрсдөө илүү их сайн сурахаас аргагүй. Түүнчлэн сургалтад маш их хамрагдах хэрэгтэй болдог. Сүүлийн үед онлайнаар сургалтуудад хамрагдах боломжтой болсонд их таатай байгаа. ММНБИ болон Үндэсний аудитын газраас хугацаатай, кредиттэй сургалтууд явуулдаг. Тэгэхээр төр ч, хувийн хэвшил талдаа ч системтэй, аятайхан болж байгаа. Мөнхийн хөгжиж, чадвараа бэхжүүлэхэд үргэлж дэмжлэг болдог учраас бид төрийн аудитыг гүйцэтгэхдээ таатай байдаг.