Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

ОУХМ М.Уранцэцэг шилдгийн шилдэг тамирчнаар шалгарлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 23
iKon.MN
"Бөртэ чоно 2013" ОУХМ М.Уранцэцэгийнх байлаа

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг оны шилдэг тамирчин тодруулах “Бөртэ чоно 2013” ёслолын ажиллагаа болж шилдгүүдээ тодрууллаа.

Ар араасаа цуврах дэлхий, тивийн аварга шалгаруулах олон тэмцээнээс медалийн ургац арвинтай 27 тамирчин 2013 оны шилдгүүдэд нэр дэвшсэн билээ.

Эдгээр тамирчдаас онцлоход “Бөртэ чоно 2013”-ын шилдгийн шилдэг тамирчинаар ОУХМ М.Уранцэцэг /жүдо/ 1059 оноогоор шалгарлаа. Шагналыг ЕТГ-ын дарга П.Цагаан, МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн нар гардуулсан. 

Энэ үеэр М.Уранцэцэг "Надад энэ шагналыг өгсөн та бүхэнд баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий аварга, “Их дуулга” тэмцээний мөнгө, хүрэл медальт гээд түүний амжилт их. 

ЕТГ-ын дарга П.Цагаан: Монголчууд тамирчид та бүгдийг хараад баярладаг. Энэ амжилтын ард дасгалжуулагчид маань байдаг. Удахгүй 2016 оны олимп болно. Эв нэгдэлтэй, ах дүүс шиг бие биендээ эв нэгдэлтэй байвал олимп Монголынх болох цаг ирнэ хэмээн ерөөлөө.

“Бөртэ чоно 2013”-ын шилдэг тамирчид

2.У.Мөнх-Эрдэнэ /бокс. ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт/
3.С.Батцэцэг /эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга/
4. Д.Амартүвшин /жүдо. ДАШТ-ий мөнгөн медальт/
5. Г.Мандахнаран /чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт/
6. О.Насанбурмаа /эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга/
7. Б.Сэр-Од /хөнгөн атлетик. Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт/
8. Э.Сумъяа /эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт/
9. Г.Эрхэмбаяр /үндэсний бөх. Улсын баяр наадамд түрүүлсэн/
10. Г.Өсөхбаяр /уулын спорт. Умард туйлын 90 градуст хөл тавьсан анхны монгол хүн/